Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуучууд өнгөрсөн долоо хоногт жагсаал зохион байгуулсан. Улмаар жагсаалтай холбогдуулан төр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээ мэдэгдэж, төрийн байгууллагын албан тушаалтнууд хот дотор том оврын жип машин унахгүй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тэгвэл зөвхөн машин унахыг хязгаарласнаар хэмнэлт хийгдэхгүй гэж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир шүүмжиллээ.
Тэрбээр "Өнгөрсөн залуучуудын жагсаал цуглаан эдийн засгийн хямралаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд бухимдсан иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурласнаас гадна өнгөрсөн 30 гаруй жилийн манай улсын төр засгийн бодлого үйл ажиллагаанд үүссэн гажуудал, ёс зүйгүй аашилж, авирласан, олон жил хуримтлагдсан тэсвэр тэвчээр алдарч, идээ бээрээ даалгүй хагарч байгаагийн илрэл гэж дүгнэж байгаа. Энэ ёс зүйн жагсаал цуглаан цаашид ёс зүйн хувьсгал болохыг ч үгүйсгэхгүй шүү. Энэ залуучуудын шаардлага, шүүмжлэл хэзээ арилах вэ гэхээр УИХ-ын гишүүд та бид чуулгандаа суудаг байхаас эхэлнэ. Энэ үр шим багатай хурал чуулган зөвлөгөөн форумaa багасгаж ажлаа хийхээс эхэлнэ. Энэ байдал гишүүдийг эхнэр нөхрөө өнгөтэй өөдтэй албан тушаалд томилдоггүй байхаас, үр хүүхдээ төсвийн мөнгөөр гадаадын Их дээд сургуульд сургадаггүй болсон цагаас, энэ байдал гишүүд бүх тендерт ордоггүй болсон цагт, энэ байдал гишүүдийн нөлөө бүхий компаниуд нүүрсний тээвэрт явахаа больсон цагт, гишүүдийн нөлөө бүхий компаниудын бараа бүтээгдэхүүн чингэлгээр орж ирдэг байдал арилсан цагт, гишүүд сайд нар ЖДҮ, хөгжлийн банкны асуудалд орооцолдож хулгай хийдэггүй болсон цагт, шүүхийн шийдвэр дарга, улстөрч, энгийн иргэдэд ялгаатай гардаг байдлыг таслан зогсоосон цагт л сайн сайхан, эрүүл, тэгш, шударга нийгэм тогтсон цагт л энэ жагсаал цуглаан зогсож, тавьсан шаардлага биеллээ олохыг жагсагчид хүсэж байгаа гэж бодож байна.
Тэрнээс ганц нэг дарга нарын унаа машин, бензин шатахууныг хас ч танахад асуудал шийдэгдэхгүй биз дээ. Энэ Хөгжлийн банкны асуудалд нэр нь холбогдсоныхоо төлөө гишүүд яагаад уучлалт гуйж болдоггүй юм бэ. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд дарга гишүүдэд яагаад хариуцлагын арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Ерөнхий сайдаа !!!
Олигтойхон дорвитойхон, ёс зүйн, шударга ёсны өөрчлөлтийг хүсэж байна шүү. Үзэл бодлоо илэрхийлж байгаа олон цөөн хэн байхаас үл хамаарч ноён зангаа татаж манай удирдлагууд гараад санал хүсэлтийг нь авдаг, сонсдог байгаач ээ л гэж хэллээ" гэжээ.