Залуусын жагсаал ёс суртахуун, үзэл бодлын ондоошлоороо бүх цаг үеийн төлбөртэй жагсагчдыг ичээв. Үнийн өсөлтийг зогсоохыг шаардан "Ажлаа хий" хэмээн хашгирах чимээ хоёр өдрийн турш Сүхбаатарын талбайд дуулдаж, ордны дарга нарыг сандаргалаа.
Товчхондоо жагсаалын гол агуулга, гол оролцогчдын талаар хэлэхгүй үнэндээ алга. Гэхдээ манайхан л болсон хойно залуусын жагсаалыг ашиглах гэсэн, шөнө оройн цагаар буруу зүйлд уриалах гэсэн хандлага цөөнгүй ажиглагдав. Мөн ард түмний нэрийг зээлдэгчдийн нэг болох Б.Жагар болон Ардын намын НАМЗХ-ны залуучууд жагсаалыг зорилгыг улс төр рүү хутгах гээд бүтэлгүйтэж буй нь ажиглагдлаа.
Үүнийх нь гороор эхний өдрийн жагсаалын дараа нэг цагдаа нэг иргэний эрх чөлөөг нь ДЭВСЭВ. Хэдий зөрчил өдүүлсэн ч гэсэн төрийн "төмөр хөл" нэгнийх нь нүүрэн дээр буусанд жагсагчид улам бухимдаж хоёр дахь өдрийн өглөө Сүхбаатарын талбайг бүрхэж, дэлгэцээр жагсагчид сошиалаар дүүрэв.
Энэ үед нийгмийн "гал" ширүүсч мэдэхийг анзаарсан Засгийн газрынхан Ерөнхий сайдыг гаргаж жагсагчидтай уулзуулахаар төлөвлөсөн юм. Ардын намын зүгээс үүнд бэлдэж Ерөнхий сайдыг жагсагчдын төлөөлөлтэй Соёлын төв өргөөнд уулзуулахаар болсон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Соёлын төв өргөөний уулзалтад Ардын намын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ныхон дүүрэг тус бүрээс залуучуудын төлөөллийг цуглуулах үүрэг өгч, "алаг ташилттай" уулзалт хийхээр төлөвлөөд бүтэлгүйтжээ. Учир нь жагсагчид уг үйл явцын мэдээллийг сонссон тул "бэлдсэн" танхимд нь орохгүй гээд ороогүй юм. Ингээд Ерөнхий сайд уулзалтаа төв талбайд шууд хийсэн ажээ.
Ингээд эхний ажиллагаа нь бүтэлгүйтсэн НАМЗХ-ны залуучууд талбай дээр болж буй жагсаалын засаг руу чиглэсэн зорилгыг саармагжуулж, олны хүчийг Хөгжлийн банк, "Сахал" Эрдэнэбилэг рүү чиглүүлэн өрөө төл гэж наах гээд бас л бүтэлгүйтжээ. Учир нь ихэнх хувь нь оргинакаараа явж буй хүүхдүүдэд үнэндээ "Сахал" Эрдэнэбилэг зэрэг асуудал гол биш байв. Тэд үнийн өсөлт, төр ажлаа хийх гэсэн үндсэн агуулга дээрээ массаараа бат зогсов. Хэрэв жагсаалд оролцогчдыг нарийн анзаарвал НАМЗХ-гоор эргэлддэг, тэндээс угшилтай залуус талбай дээр нэлээдгүй нэмэгдсэн байсан. Тэдний зураг, хөрөг барьсан уриа лоозонг нь сошиалаас хангалттай харж болно.
Ийнхүү "Ард түмний штаб"-ын тэргүүн, ДИТХ-ын төлөөлөгч Б.Жагар, Ардын намын НАМЗХ-ын залуучууд жагсаалын агуулгыг "эргүүлэх" гэсэн үйлдэл бүтэлгүйтэж. Залуус органик жагсаалаа гоё хэвээр нь хадгалж үлдсэн юм.
Г.Лхагвадорж