Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын шаардлага хариу тайлбар өгөхөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч ирээд байна.
Тэрбээр "Амаргүй давааг давж иргэдтэйгээ уулзаж байна. Жагсаал бүрийн өмнө Ерөнхий сайд өөрийн биеэр гарч ирээд байх боломжгүй. Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, өчигдөр албадлагын арга хэмжээ авагдсан байна. Харин өнөөдөр саатуулагдсан, эрүүлжүүлэгдсэн иргэдийг бүгдийг нь суллаж дууссан гэж ХЗДХ-ийн сайд мэдэгдлээ.
Ерөнхий сайдын хувьд би та бүхнээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг та бүхэн уучлаарай. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт чадаж байгаа болон чадахгүй байгаа зүйл их байна.
Ковид биднээс хамаарахгүй байна. Ковидыг бид хамтдаа даван туулахын тулд вакциндаа хамрагдсан иргэддээ баярлалаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөнтэй шууд холбоотой. Хилээр дамжиж орж байгаа бүтээгдэхүүнүүдэд хямрал үүсч байна. Монгол Улс бензин шатахуун үйлдвэрлэдэггүй учир бензиний үнэд зохицуулалт хийх гээд УИХ-д хууль өргөн барьсан. Бид чадах бүх зүйлээ хийх болно" хэмээлээ.