Хотын дарга асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Өнөөдрийн хуралд Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Бат-Үүлийг биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авснаар Э.Бат-Үүл, ТОСК-ийн дарга асан А.Гантулга нар хуралдаанд оролцож байна.
Сануулахад, анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.
Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн юм.