Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд тавдугаар сарын 15-наас эхлэх бөгөөд үүний хүрээнд LRT төслийг эхлүүлэх гэж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.
-Хөнгөн галт тэргийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаа талаарх мэдээлэл нь олон нийтийн анхаарлын төвд байна. LRT төслийн талаар мэдээллийг өгөхгүй юу?
-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ хэлбэрийн нийтийн тээвэр бий болгох тухай асуудал яригдсаар ирсэн. Ингэхдээ баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах шийдлийг гаргасан байдаг. Үүний хүрээнд энэ онд хөнгөн галт тэрэгний эхний шугамын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ төслийн гүйцэтгэгч, шаардагдах төсөв хөрөнгө, бүтээн байгуулалтын ажлын зохион байгуулалт зэрэг нь ирэх тавдугаар сарын 15-нд тодорхой болох юм.
-Төсөлд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай талаар хийсэн судалгаа бий юу?
-2022-2024 оны хүрээнд тус төслийн нэгдүгээр үе шат хэрэгжих ба шаардлагатай төсөв нь 960 сая доллар.
-Тус бүтээн байгуулалтын ажлын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг урьдчилсан байдлаар гаргасан уу?
-2024 онд ашиглалтад орох эхний чиглэлд 15 буудалтай байхаар төлөвлөгдсөн. Үүний 4 нь газрын түвшинд, 11 нь гүүрэн байгууламж хэлбэрээр байрлалтай. Хөнгөн галт тэргийн дээд хурд нь цагт 8 км цаг хурдлах чадвартай. Хүлээлгийн хугацаа таван минут. Хөнгөн галт тэрэгний нэг удаагийн багтаамж нь 612 зорчигчтой байх тээвэрлэх боломжтой. Эхлэх цэгээс эцсийн цэг хүртэл 40 минут зарцуулна. Эрчим хүчний хэрэглээ нь жилд 44 800 мгб эрчим хүч ашиглана.
-Нэгдүгээр шугам нийт хэчнээн км байх вэ?
-Нэгдүгээр шугам нь 18.1 км. Нийтдээ 49.6 км. Эхний шугам 2021-2024 оны хооронд үргэлжилнэ. Хоёрдугаар шугам нь 2024-2026 оны хооронд 17.5 км, 2026-2028 онуудад гурав дах чиглэлийн 13.8 км зам ашиглалтад орно гэж тооцоолж байгаа.
-Хөнгөн галт тэргийн нэгдүгээр шугам Буян-Ухаагаас Зүүн 4 зам хооронд иргэдэд үйлчлэх талаар чиглэл гарсан. Хөдөлгөөн үйлдэх чиглэлийг хэрхэн гаргаж байгаа вэ?
-Хөдөлгөөний ачааллыг тооцоолж хөдөлгөөн үйлдэх чиглэлийг гаргаж байгаа.
-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан айлчлалын үеэр Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн талаар мэдээлж байсан. Тухайлбал, хөнгөн галт тэргийн ажилд БНХАУ-ын талаас ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-БНХАУ-ын талтай хамтран ажиллах зүйлс нь яриа хэлэлцээ төлөвлөгөөний шатанд яваа. Тавдугаар сарын 15-нд тодорхой болно гэсэн үг.
-Хөнгөн галт тэрэг ашиглалтад орохын ач холбогдлыг хэрхэн харж байна?
-Нийслэлд массыг хамрахуйц том оврын автобуснаас өөр үйлчилгээ байдаггүй шүү дээ. Тэгэхээр 612 хүний тээвэрлэх хүчин чадал бүхий хөнгөн галт тэрэг нь нийтийн тээврийн салбарт нэг дэвшил болж чадна гэж харж байгаа. Энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал ч буурна. Судалгаагаар, одоогийн нөхцөлд хэвтээ чиглэлийн гол замуудын оргил цагийн дундаж хурд 7-17 км цаг, босоо чиглэлийн гол замын ачаалал 5-8 км цагийн хурдтай байгаа. Тэгвэл хөнгөн галт тэрэг ашиглалтад орсноор 30 орчим хувиар хөдөлгөөний ачаалал буурна гэсэн тооцоололтой байна.