Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Саранхүү: Хүүхэд тоглоомоос гарч буй соронз, цагны жижиг зайг залгих тохиолдлууд нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 54 секунд

Өнгөрсөн онд 0-18 насны 41000 хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж, "Гэмтэл согог судлалын үндэсний төвд" очжээ. Тэдгээрийн 2600 гаруй нь түлэгдэж, 200-300 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэдэг байна. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхэд холбогдсон 35 удаагийн зам тээврийн осол бүртгэгдэж, 39 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Энэ хүрээнд бага насны хүүхдийг хамгаалж болох эрсдэл бүрээс сэргийлэх зорилготой "Хүүхэд эрхэм хэрэглэгч" аяныг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүүтэй ярилцлаа.

- "Хүүхэд эрхэм хэрэглэгч" аяны гол зорилго юу вэ?

-Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд "Хүүхэд эрхэм хэрэглэгч" аяныг зарлаад байна. ГБХЗХГ-аас 2022 оны гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 10-ны хооронд тус аяныг зохион байгуулж байгаа. Нийслэлийн 9 дүүрэг, орон нутагт энэ дагуу уриалга хүргүүлсэн.

Энэхүү аян маань хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээрт иргэн бүр, эцэг эх болгон гэрийнхээ аюулгүй байдлыг үнэлнэ. Хүүхдийн эрхийн зөрчил гэр бүлийн очинд хамгийн их гардаг. Хүүхдийн осол гэмтэл эцэг эхийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Тиймээс хүүхдийг хамгаалж болох зүйлээс хамгаалах шаардлага гарч байгаа юм.

Хоёрдугаарт, хүүхдийн эрсдэлд ордог орчин бол гудамж талбай, олон нийтийн газар байдаг. Энэ үүднээс байгууллага бүрийг Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг хангах хүрээнд орчныхоо аюулгүй байдлыг хангахыг уриалж байгаа. Тухайлбал, тухайн байгууллага байгууллагынхаа орчинд хүүхэд унаж, бэртэж болзошгүй нүх, шуудуу, ил гарсан тог цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж засан сайжруулах юм.

Орчныхоо аюулгүй байдлыг үнэлэн засаж, сайжруулсан албан байгууллагуудыг сурталчлах ажлыг зохион байгуулах болно.

-Тус аяны хүрээнд байгууллага болон гэр бүлүүдийн оролцоо, хүртээмжийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ?

-Манай байгууллагаас 21 аймаг, 9 дүүргийн Гэр бүл хөгжлийн газарт удирдамжаа хүргүүлсэн. Эдгээр байгууллагуудын эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан байгууллагын орчныг үнэлэх, албан хаагч бүрт мэдээлэл хүргүүлж, тэдгээр хүмүүст гэрийнхээ аюулгүй байдлыг үнэлэх уриалга хүргүүлэх чиглэлээр хүртээмжийг нэмэгдүүлж байгаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны тогтоолоор байгууллага бүрт эцэг эхийн зөвлөл ажиллах зөвлөмжийг боловсруулсан. Энэ хүрээнд 4600 орчим байгууллага эцэг эхийн зөвлөлийг байгуулж, хүүхдийн өрөө зэргийг тохижуулсан байгаа.

-Энэхүү аяныг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг гэлээ. Ер нь хэр бодитой үр дүнд хүрдэг вэ. Энэ удаагийн хүүхэд хамгааллын аянаар ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ?

-Анх 2019 онд БШУЯ, ХНХЯ, ШӨХТГ-уудтай хамтран энэ ажлыг эхлүүлж байсан. Энэ ажил эхэлснээс хойш тодорхой байгууллагууд орчны аюулгүй байдлаа үнэлэн, иргэд хүүхдээ эрсдэлээс хамгаалах тал дээр илүү анхаарах болсон. Өнгөрсөн хугацаанд 25 мянга гаруй өрх аюулгүй байдлаа үнэлэн, үүсэх боломжтой эрсдэлийг засаж сайжруулсан. Энэ бол үр дүнтэй ажил болсон гэдгийг тухайн үеийн тайлангуудаас харж болно.

-Гэр болон орчныг үнэлэхдээ ямар шалгуураар хэрхэн яаж үнэлэх вэ?

-Гэр болон орчны аюулгүй байдлыг үнэлэх хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн жагсаалт байдаг. Тэдгээрийг үндэслэн аюулгүй байдлын үнэлгээ хийнэ. Иргэд энэхүү жагсаалттай танилцаж, гэр болон орчноо үнэлэхийг зөвлөж байна.

Байгууллагын ажилтан, албан хаагчид гэрээсээ сургууль хүрэх орчны хүүхдийн аюулгүй байдалд үнэлгээ хийхдээ,

- Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх

- Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх

- Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу байгаа эсэх

- Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх

- Сургуулийн орчны талбай хайс хашлага бүрэн бүтэн эсэх

- Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх

- Ил гарсан цахилгааны галтай утас байгаа эсэхэд

- Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэх зэргийг шалгана.

- Өмнөх жилүүдийн тайлан, судалгаанаас харахад ямар нөхцөлд хүүхэд илүү их аюулд орж байна вэ?

-Гэмтлийн эмнэлэг дээр ирж буй хүүхдийн бэртэл гэмтэлтэй холбоотой дуудлагын дийлэнх хувь нь ахуйн орчинд болсон байдаг. Ялангуяа халуун тогоо, буцалсан усанд хүүхэд түлэгдэх, өндрөөс унах тохиолдлууд илүү байдаг. Сүүлийн үед жижиг тоглоом болон тэрхүү тоглоомоос гарч ирж буй жижиг соронз, цаг болон бусад зүйлд байх жижиг хэмжээтэй зайг залгих тохиолдлууд нэмэгдэж байгаа.

Бидний зорилго бол хүүхдэд тохиолдож болох аюул, эрсдэлийг тооцож, сэргийлж болох бүхнээс сэргийлэх боломжтой. Ингэхийн тулд эцэг эхчүүдийг илүү хариуцлагатай байх ёстой гэдгийг ойлгуулах юм.

-Энэ жилийн аян өмнөх жилүүдтэй харьцуулахад хир үр дүнтэй зохион байгуулагдаж байна вэ?

-Сая гуравдугаар сарын 10-нд аян эхэлснээс хойш 21 мянга гаруй хүн гэрийн аюулгүй байдлаа үнэлээд байна. Эдгээрийн 17 мянга нь нийслэлд үнэлсэн байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд байгууллагын орчны аюулгүй байдлыг үнэлэн хангах хүрээнд 88 байгууллагын 5000 гаруй албан хаагч оролцон орчны аюулгүй байдлаа сайжруулаад байна.

- Ярилцсанд баярлалаа

Г.Занданшатар: Б.Жавхлан, Л.Энх-Амгалан сайд нар хууль тайлбарлах эрхгүй
Г.Занданшатар: Б.Жавхлан, Л.Энх-Амгалан сайд нар хууль тайлбарлах эрхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.