"АМЖИЛТТАЙ ТӨГСӨЛТ – АЖЛЫН БАЙР” шинэхэн төгсөгчдийг ажилд зуучлах, хөдөлмөрийн яармаг өнөөдөр /2022.03.24/ Барилгын Политехник Коллежид зохион байгуулагдаж байна. Өдөрлөгөөр барилгын мэргэжлийн 100 оюутан техникчийн дипломоо гардан авлаа. Мөн хөдөлмөрийн яармагт оролцож, ажилтай болох боломжтой байдаг аж. Өдөрлөгт барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгжүүд, 400 орчим суралцагч, төгсөгч оролцсон юм.
Ингээд тус сургуулийн захирал, оюутан төгсөгчид болон ажил олгогчдын байр суурийг хүргэе.
Барилгын политехник коллежийн захирал Г.Нямдулам ийнхүү ярьж байна.
-Энэхүү арга хэмжээ нь ямар учиртай, ямар үр өгөөжтэй арга хэмжээ болж байна вэ?
-Манайх жил бүр төгсөлтийн баярыг хийдэг. Гэвч хоёр жилийн хугацаанд тасарлаа. Харин ААН, түншлэгч байгууллагууд маань хүлээлттэй байна. Ингэхдээ энэхүү арга хэмжээ нь оюутан, ажил олгогч хоёрыг хооронд нь уулзуулж, зуучилдаг арга хэмжээ юм.
-Өнөөдөр хэдэн оюутан төгсөж, хэдийг нь ажлын байранд зуучилж байна вэ?
-Энэ жил барилгын салбарын мэргэжил эзэмшсэн 600 гаруй оюутныг 10 мэргэжилтнээр төгсгөлөө. Техникийн боловсрол эзэмшсэн 100 гаруй оюутныг зургаан мэргэжлээр төгсгөсөн. Судалгаагаар 60-70 хувь нь дадлага хийх явцдаа ажлын байраа олдог. Мэргэжлийн боловсролын 600 гаруй оюутны 400 гаруй нь ажлын байрандаа зуучлагдсан. Ингэхдээ 200 оюутан нь хувийн шалтгаанаар ажилд ороогүй байна. Манайх 100 гаруй ААН-үүдэд оюутнуудаа дадлагад гаргадаг. Ажлын байрны эрэлт их байна.
-Төгсөж гарч байгаа залуусын цалин хангамж хэр өндөр байдаг вэ?
-Суралцагчдыг дадлагад гаргахдаа тухайн хүүхдийг өдрийн цагийн урамшуулал болгож хэдэн төгрөг авахыг гэрээний дагуу байгуулдаг. Өнөөдөр энд ирсэн ААН хүүхдүүдийг шууд ажилд авахдаа доод тал нь л нэг сая төгрөгийн цалин амлаж байна. Ажлын байрыг улирал хамаарахгүйгээр хангаж өгдөгөөрөө онцлог.
-Та бүхэн оюутан төгсөгчдийнхөө мэргэжлийн боловсрол, ур чадварт хангалуун байдаг уу?
-Манай төгсөгчдийн нийгэм дэх эрэлт их байдаг. Ямартай ч ажил олгогчдын тавьж байгаа шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чаддаг учраас л би авдаг гэж боддог. Зарим төгссөн хүүхдүүд маань өөрсдөө ажил олгогч болчихсон ч явж байна.
Харин оюутан төгсөгчдийн хувьд “Ажлын байртайгаа өнөөдөр золгож байна. Гурван ч компаниас санал ирсэн. Бодож байгаад зөв шийдвэр гаргана. Цаашид ч суралцах байх. Мэдлэг боловсролтой болоод дипломтой болж байгаадаа баяртай байна” гэв.
Ажил олгогч МАК компанийн хувьд “Энэ газраас ажилчин авах нь илүү үр өгөөжтэй байдаг. Барилгын цахилгаанчин, барилыг техникчээр сургаж авна гэх мэт олон төгсөгчийг авах боломжтой байна. Барилгын коллеж төгсөгчдийн хувьд дадлагаа практик дээр хийдэг тул ажил дээр гарахдаа дөхөм байдаг. Шинээр орж буй ажилчдаа туршлагажуулж сургаж авдаг. Гэхдээ цалинтай ажиллуулдаг. Удаан жилийн нэмэгдэл гэх мэт ажилчдынхаа нөхцөл боломжийг үргэлж нэмэгдүүлж байдаг.