Улсын хэмжээнд эмх замбараагүй газар олголтоос үүдэн хаягжилттай холбоотой асуудлууд ихээр үүсдэг. Тэгвэл хаягжилтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг холбогдох албаныхан эхлүүлжээ. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастр хэлтсийн дарга П.Баянтүмэнгээс тодрууллаа.
-Нийслэл гэлтгүй хөдөө орон нутгуудад газар олголт, хаягжилтын давхцлаас үүдэлтэй маргаан ихээр гардаг. Тэгвэл улсын хэмжээнд хаягжилтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Өмнө хаягийг маш олон субъект олгодог байсан. Баг, хорооны Засаг дарга, газрын алба, барилгын асуудал эрхэлсэн газар гэх мэт олон субъектууд нэгдсэн стандартгүй, эмх замбараагүй байдлаар олгодог байсан. Үүнээс үүдэн хаяг хоорондоо давхардах асуудлууд үүсдэг. Тухайлбал, зуслангийн тийш ихэнхдээ түр хаяг олгогдсон харин орон нутгуудад өвөлжөө хаваржаа хаяггүй байсан. Манай Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар улсын хэмжээнд хууль журмынхаа дагуу нэгдсэн бодлогын хүрээнд хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Улсын хэмжээнд ганцхан систем ажиллана. Тухайн систем нь өгөгдөлд үндэслэж хаягуудыг автоматаар олгоно. Тэгэхээр нэгдсэн стандарттай, нэг системээр хүнээс хамааралгүйгээр хаяг олгогдоно гэсэн үг. Тэгэхээр шинэ хаягжилт руу Монгол Улс шилжинэ.
-Одоогийн байдлаар хаягийн систем рүү шилжсэн сум, орон нутаг бий юу?
-Олон улсын жишгийн дагуу гудамжнаасаа хамаарч орц, гарцны тэгш, сондгой зарчмаар хаяг дугаарлах системтэй болсон. Одоогийн байдлаар 200 гаруй сум ногоон хаягтай болсон байгаа. 200 сум шинэ хаягжилт руу шилжсэн байгаа гэсэн үг. Үлдсэн сумууд болон нийслэлийн хэмжээнд бүрэн шилжихгүй бол хаяг маань хуучин, шинэ холилдож явах эрсдэл байгаа. Тэгэхээр энэхүү системийг яаралтай нэвтрүүлэх тал дээр манай газраас зорилт тавьж ажиллаж байна.
Одоогийн байдлаар орон нутгийн хэмжээнд 24189 гудамж, 288510 хашаа, 24354 байшин хаягжуулаад байгаа бол нийслэл хотын хэмжээнд 10389 гудамж, 165655 хашаа, 20543 байшинг Хаягжуулалтын тухай хууль журмын дагуу нэр өгч дугаарлаж, хаягийн зураг зохион мэдээллийн санг үүсгээд байна.
-Ажлын явц хэр өрнөж байгаа вэ?
-Эрх зүйн орчин нь бүрдсэн. Хоёрдугаарт, систем нь бэлэн болсон. Одоогийн нөхцөлд хаяг хэрэглэгч байгууллагуудтай холбогдох хэрэгтэй байгаад байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Татварын Ерөнхий газар зэрэг хаяг хэрэглэгч байгууллагатай холбогдож, нэвтэрнэ гэсэн үг. Ийнхүү холбогдохын тулд заавал Засгийн газраас бодлогын түвшинд шийдвэр гаргаж байж, дундын мэдээллийн сан үүсгэсний үндсэн дээр хаягийн систем бүрэн утгаараа хэрэгжинэ. Манайд хаягийн систем нь байгаа боловч Улсын бүртгэл таны иргэний үнэмлэхийн хаягийг солих шаардлагатай шүү дээ. Бүртгэлийн байгууллага учраас. Тэгэхээр одоогоор төрийн байгууллагууд холбогдчихвол хаягийн систем хэрэгжинэ. Мөн орон нутгууд төсөв дээрээ хөрөнгө тавьж байгаа. Тухайн хөрөнгөөрөө самбаруудыг бүгдийг солино. Гудамж болгон самбартай болно. Жишээлбэл, энэ гудамжинд 2-20 айл байна самбар, хаягийг тэмдэг тэмдэглэгээнүүдийг солих юм.
-Тэгэхээр малчдын өвөлжөө, хаваржааны мэдээлэл ч тус системд байршина гэсэн үг үү?
-Орон нутгуудад байрлах өвөлжөө, хаваржаа хаяггүй байдаг шүү дээ. Одоо өвөлжөө, хаваржаа бүр хаягтай болчихсон. Тэгэхээр хаягаар нь системээс хайхад тухайн өвөлжөөний байршил харагдах жишээтэй.
-Шинэ хаягийг ямар байдлаар олгох вэ?
-Эрх зүйн орчныхоо хувьд хаягийг газрын алба л олгоно. Барилгын хаягийг барилгын асуудал эрхэлсэн алба л олгоно. Гэхдээ инженерийн шугам сүлжээтэй гэхгүйгээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө баригдсан бол тухайн газар дээр барилгын асуудал хариуцсан газар нь хаяг олгох юм. Газрын хаяг, барилгын хаяг хоёр нь хоорондоо уялдаа холбоотой байна. Ерөнхийдөө хаягийг систем автоматаар олгоно. Алба хаагч нар нь хянан баталгаажуулна.
-Тус системийг нэвтрүүлэхэд хэр хэмжээний төсөв шаардагдах вэ?
-Тэмдэгжүүлэлт тал дээр л нэлээн хөрөнгө гарах төлөвтэй байгаа. Тухайлбал, нэг сум 20 сая төгрөгт багтаагаад хийчихэж байна. Нийслэлийн хувьд нэг сая 300 мянга гаруй тэмдэгжүүлэлтийг хийх ёстой. Зөвхөн тэмдэглэгээ солиход 18-20 тэрбум орчим төгрөг шаардлагатай болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, иргэний үнэмлэхний хаягуудыг солихгүй. Шууд кодыг нь солино. Иргэний үнэмлэхийн чип дотор таны шинэ хаягийн мэдээлэл байна гэсэн үг. Газар эзэмших гэрчилгээний QR код дотор шинэ хаяг суучихана. Тэгэхээр шинэ, хуучин хаяг зэрэгцээд явна гэсэн үг.
-Хаягжилтын системийг нэвтрүүлсний ач холбогдлыг хэрхэн харж байна?
-Хувийн хэвшлүүд замчлах систем гэж хийгээд байна шүү дээ. Гэхдээ энэ нь суурь датагүй болчихоод байгаа юм. Энэ датаг замчлах систем дээр хийгээд хэрэглээнд гаргая гэхлээр дата нь хуучраад байна. Тэгэхээр тухайн дата нь цаг, минут, секунтээр шинэчлэгдэж байдаг учраас манай төрийн байгууллагаас хаягийн датаг хувийн хэвшлүүдэд өгөх ёстой. Ингэснээр хувийн хэвшлүүд нь тухайн датанд үндэслэн замчлах системээ хийж, бизнесийн байгууллагууд хүргэлт, шуудан, харилцаа холбоо, түргэн тусламж бүг улсын хэмжээнд нэгдсэн стандартын дагуу замчлах системийг ашиглах боломжтой болно гэсэн үг. Компаниудад датанаас үүдэлтэй асуудлууд нэлээн их тулгардаг. Тиймээс түр датаг нь хувийн хэвшилд өгч, олон төрлийн мэдээлэл, үйлчилгээгээр системээ баяжуулах боломж бүрдэнэ.