Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Эрээн-Замын-Үүдийн боомтод гурван сар саатаж бөөгнөрөл үүсээд байсан ачаа барааг Хятадын талтай тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн нэгдүгээр сараас чингэлэг тээврээр татан авч эхэлсэн билээ. Албаныханы өгч буй мэдээллээр энэ сарын 13-ны байдлаар 2531 автомашинаар 3221 чингэлэг бүхий 60.6 мянган тн ачаа бараа буюу 84.2 сая ам.долларын тээвэрлэлт хийгдээд байгаа аж.
Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотойгоор зам, барилга, уул уурхайн овор хэмжээ ихтэй ачаа барааг яаралтай татан авах асуудлыг шийдвэрлэх үүднээс талууд чингэлэг солилцох талбайгаа өргөтгөж, чингэлгийн тоог нэмэгдүүлэх шаардлага үүсээд буй. Иймд чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх ажлыг ирэх дөрөвдүгээр сард талууд нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.