Бид өв соёлоо мартах, гээх учиргүй. Харин ч ёс зүй, хариуцлагатай өв соёлыг бий болгох хэрэгтэй. Гэтэл манай өв соёлын хамгийн том хэмжүүр болж өгдөг Монгол бөх, морин уралдаан хоёр зарчим болон хөгжлийнхөө явцад том гажуудалд орсныг хэн хүнгүй мэднэ.
Тэгэхээр энэ удаад Монгол бөхийн ирээдүйн талаар багахан ПРОГНОЗ хийе. Монгол бөхчүүд ёс зүйгүй, допинг тарианы асуудлаа шийдэж чадахгүй бол 200 жилийн ойгоор барилдах бөхгүй, үзэх үзэгчгүй болсон байж тун магадгүй. Өв соёлоо алдахгүй хэмээн чанд хичээхэд үсрээд л 128 бөх барилдана.
Харин МҮБХ-оос гуравдугаар сарын 09-нд тэргүүлэгчдийн хурлын шийдвэр танилцуулахдаа өрсөлдөгч бөхөө цохиж зодсон, дэвжээн дээр ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүд засуулуудад хариуцлага тооцох зодог шуудагний стандартыг тогтоох зэрэг ач холбогдол өгч болохуйц олон асуудал яригдсан байв. Тодруулбал,
- 2022 оны хоёрдугаар сарын 19-нд болсон барилдааны тавын даваанд учраа бөхөө цохиж, дүрэм зөрчсөн Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Доржсүрэнгийн барилдах эрхийг гурван сараар хасах,
- 2022 оны хоёрдугаар сарын 20-нд болсон барилдааны үед засуулын дүрэм журмыг зөрчсөн улсын ахлах засуул Т.Цэрэндаваа, О.Жанчивдорж, улсын засуул Б.Должинсүрэн нарын бөх засах эрхийг нэг сарын хугацаагаар хасах, мөн барилдааны талбайд бөх засаагүй үедээ зохисгүй байдал гаргасан улсын засуул С.Зэвэгт хатуу сануулах,
- 2022 оны хоёрдугаар сарын 27-нд болсон барилдааны тавын даваанд улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй барилдахдаа барьц халах үед цохих байдал гаргасан улсын харцага Б.Бат-Өлзийд сануулж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулах,
- 2022 оны гуравдугаар сарын тавны барилдааны хоёрын даваанд унасны дараа засуул, хөлийн цэцүүдийг зүй бус үгээр хэлж, шаардлага биелүүлэхгүй, дүрэм зөрчсөн Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираагийн барилдах эрхийг гурван сараар хасах зэрэг шийдвэрүүд гарсан нь тун саашаалтай.
Энэ мэтээр МҮБХ бөхийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, хариуцлагыг эрх тэгш чанга хүлээлгэж, дүрэм журмын хувьд үр дүнтэй бодлого боловсруулж чадвал илүү мэргэжлийн басхүү сонирхолтой спорт болж хөгжихүйц харагдаж байгаа юм.
Эргэн сануулахад, Дорнод аймгийн харъяат Монголт Улсын Заан Д.Анар аймгийнхаа ойн барилдаанаар очиж барилдахдаа бас л ёс зүйгүй үйлдэл гаргасан нь бөх сонирхогчдын ёстой л ой дур хоёрыг гутаагаад байсан. Энэ мэт асуудлуудад ч хариуцлага нэхэн тооцох хэрэгтэй.
Шинэ залуу гарч ирж байгаа бөхчүүд нь хариуцлагатай, ёс суртахуунтай ёстой л нөгөө жинхэнэ эр бяраа үзэлцэж чаддаг болбол таатай сан. Харин "Гарьд магнай" киноны Цагаан Жигмэд шиг бөхчүүд олон төрөөд байвал энэ нь өөрөө допингоосоо ч аюултай байж болзошгүй шүү "ТА МИНЬ ЭЭ".
С.Сувдансондор