Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРКУР Б.Шинэжаргал: Ямар ч паркур хийсэн үхэж ч болохоор юм байна даа гэж БОДДОГГҮЙ

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
18 минут 1 секунд

Манай нийгэмд өөрийгөө олсон, амьдралын сонирхолтой хэв маягтай маш олон залуус байдаг билээ. Тэгвэл тэдний төлөөлөл болох галаар наадагч, паркурчин, шивээсчин Ж.Шинэжаргалыг энэ удаагийн Ubn story буландаа урьж оролцууллаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөөө танилцуулахгүй юу. Паркурын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-Намайг Батсайханы Шинэжаргал гэдэг. Паркур гэдэг экстрем спортоор хичээллээд найман жил болж байна. Паркур нь мэдээж экстрем спорт учраас аюултай төдийгүй заавал гадаа талбайд хийгддэг онцлогтой. Энэ спортоор хичээллэх болсон шалтгаан нь амьдралд илүү ойрхон, дугуй, борд ашиглалгүйгээр сандал ширээ ямар ч гадаргуу дээр хийж болохоос гадна ямар ч материаллаг зүйл шаарддаггүй спорт.

-Паркурын спортын гол онцлог нь юу вэ?

-Паркурыг үндсэндээ хурдан, аюулгүйгээр, ашигтай гэж тайлбарлаж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр алхахаас илүү гүйнэ, энэ нь хурдан. Саад бартаанд тээглээд уначихгүй даван туулдаг, энэ нь аюулгүй. Үр ашигтай гэдэг нь харагдах байдлаасаа гоё.

-Аюулгүй гэж хэлэх нь хэр оновчтой вэ. Паркурын бичлэг үзэхэд маш өндөр байшин барилга дээгүүр гүйж харайдаг шүү дээ?

-Хүмүүс яагаад энэ зүйлийг хийдэг вэ гэхээр АДЕРНАЛИН-д дурлаж хийдэг. Аюулгүй гэдэг нь эрсдэлтэй зүйлүүдийг маш олон удаа хийснээрээ амьдрал дээр тулгардаг энгийн эрсдлүүдэд бэлэн болчихдог. Жишээ дурдъя, энгийн хүн хальтирч унахдаа гараараа тулж унадаг. Гэтэл бид хальтирч унахдаа цээжээ дараад гараараа тулалгүй унадаг. Тэгэхээр энэ нь өөрөө том утгаараа аюулгүй зүйл болчихож байгаа юм.

-Таны хувьд хамгийн эрсдэлтэй гэж бодсон паркур чинь юу вэ?

-Ямар ч паркур хийсэн үхэж ч болохоор юм байна даа гэж бодогддоггүй. Энэ зүйлийг хийхийнхээ өмнө бид илүү бэлддэг.

Хамгийн эрсдэлтэй аюултай зүйлд гарахынхаа өмнө юу хийх ёстойгоо сайн бэлддэг гэсэн үг л дээ. Миний хамгийн их үзэлттэй өндөр, 10 см өргөнтэй гүүрэн дээгүүр гүйж байгаа бичлэг байдаг. Энэ зүйлийг хийчих юм бол мэдрэмж нь гоё гэж бодож бэлтгэсэн. Мэдээж бэлтгэл дээрээ хийж чадсан юм чинь энд яагаад хийж чадахгүй гэж боддог. Ерөнхийдөө бэлтгэлдээ найдаж хийдэг гэсэн үг. Англид байхдаа өндөр байшин барилга дээгүүр явж үзсэн. Английн паркурын хөгжил маш өндөр. Том том бүлгүүд олон бий. Дээврээр гүйдэг залуусын ихэнх нь Англи залуус байдаг.

-Түрүүн та нэг тийм сонин мэдрэмж төрдөг гэсэн шүү дээ. Сонин гэдгээ тодруулбал?

-Адерналиныг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Харин зүйрлэх юм бол гоё вино эсвэл хоолны амттай зүйрлэж болно. Хүн өдөр бүр хоол иддэг хэдий ч нэг хоолондоо илүү дуртай байдаг. Яагаад дуртай байдаг гэхээр тэр хоолноос таашаал мэдрэмж авдаг. Түүнтэй адил хүн өнхөрч унаад босоод ирдэг. Энэ нь хүнд өдөр болгон тохиолддог ч байж болно. Харин тэрийг зорьж хийгээд, өнхрөлтийг арай өөрөөр өнхөрч үзэхээр тухайн мэдрэмжийг нь хүсээд байгаа юм. Яг л гоё дуртай хоолоо идмээр санагддаг шиг.

-Паркур хийж байхдаа хүнд гэмтэж байсан тохиолдол байгаа юу?

-Эестрем спорт учраас цаг үргэлж эрсдэлтэй учирна. Анх эхэлж байхдаа мөнгө санхүүгийн бололцоо муу учраас зориулалтын зааландаа орж чаддаггүй байлаа. Тиймээс гадаа шинэ зүйл туршиж үзэхдээ унадаг бэртдэг. Заримдаа зааланд ч гэсэн яаж хийхээ мэдэхгүй унах тохиолдол гардаг. Гадаа бол их бэртэл авна. Хугардаг гэмтэл бол хэдхэн сарын дараа эдгэчихдэг. Гэтэл зөөлөн эдийн гэмтлүүд жил тойрдог. Хүнд хагалгаа гэхээсээ илүү зөөлөн эдийн гэмтлүүд хүнд санагддаг. Гам барьж байж эдгэх ёстой болдог. Жаахан гайгүй дээрдээд ирэхээр спорт руугаа тэсэлгүй орчихдог. Түүнээсээ болж улам сэдрээнэ. Энэ л хамгийн хүнд бэртэл.

-Паркурыг буруу техникээр хийж эхэлж байгаа маш олон залуус байдаг шүү дээ. Хэрхэн зөвөөр хичээллэж эхлэх вэ?

-Би одоо өөрийгөө тодорхой түвшинд хүрчихсэн гэж харж багйаа. Дээрээс нь дөрвөн жил заах арга барил заалгасан. Тиймээс шинээр гарч ирж байгаа залуусыг тамирчин болгохын тулд “Монголын паркур чөлөөт гүйгчдийн холбоо гэдэг холбоог байггуулсан. Энэ холбооноосоо сургалт зохион байгуулах гэж байгаа. Яг тайлбарлъя гэхээр болохгүй юм байна /инээв/

- Паркураар хичээлээд явж байх энэ хугацаанд шантраад болих үе гарч байв уу?

-Зөндөө байсан. Дээр ярьсан анх санхүүгийн бололцооноос болж зааландаа орж чадахгүй бэртдэг. Гэтэл зааланд бэлтгэл хийж байсан хүүхдүүдийн түвшин нь ахиад байдаг. Тэрийг хараад хийж байгаа зүйлээ тултал хийж чадахгүй юм бол хаяхаас өөр аргагүй юм даа гээд л хаяж байсан тохиолдол байгаа. Гэхдээ хаясан ч буцаад л өөрийн мэдэлгүй хийгээд эхэлсэн байдаг даа.

- Хөгжилтэй байх болов уу гээд танаас нэг асуулт асууя. Байнга үсэрч хариагаад байхаар бөөр нуруу тань өвддөггүй юу?

-Хүмүүст тэгж л харагддаг юм шиг байгаа юм. Надад одоо эрүүл мэндийн тал дээр асуудал байхгүй. Магадгүй бүүр илүү эрүүл ч байж магадгүй. Мэдээж шинэ зүйлийг туршиж үзэж байгаа учраас мэдрэмж нь муу учраас чанга чанга буух тохиолдол байгаа. Харин олон хийгээд өөрийн болгоод ирэхээр зөөлөн бууж, эрсдэл гарсан ч өөрийгөө чөлөөлөөд сурчихдаг юм.

-Паркуроор хичээллэхэд гэр бүлийнхэн тань дэмждэг үү?

-Гэр бүлийнхэн маань дэмждэггүй байсан бол энэ зүйлийг хийхэд их хэцүү. Хөл гаргүй болох чинь дутаа юу гэж нэг ч хэлж байгаагүй. Мэдээж тэгж их дэмждэг учраас бэртэхгүйг хичээнэ, бэртсэн ч нуухыг хичээдэг. Биенээ хайрлах, дуртай зүйлийг нь ойлгож хүндлэх бол манай гэр бүлийн мөн чанар. Манай ээж экстрем зүйл үзэж чаддаггүй. Гэтэл 2015 оны паркурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зориглож үзсэн. Тэр үед би унасан. Маш их хичээж байсан хэдий ч унасан. Харин ээж маань тэрийг үзэж чадалгүй орхиод гарсан. Гэхдээ л харж чаддаггүй зүйлийг нь хайртай хүн нь хийж байхад дэмжих гээд ойлгоод ирсэн.

-Паркур хийхээс гадна шивээс хийдэг юм байна. Энэ олон зүйлийг яаж амжуулдаг юм бэ?

-Зүгээр сууж чаддаггүй, завгүй байх гэсэн бодлоос минь энэ бүх зүйл эхэлсэн. Паркур хийж чадахгүй боломжгүй үедээ гэртээ суугаад зураг зурдаг байсан. Сонирхолтой бүх зүйлээ хийж явсаар сүүлдээ шивээс хийдэг болсон. Шивээс нь хүний арьсан дээр мөнх үлдэх урлаг. Хөдөлдөг уран зураг шүү дээ. Энгийн хүнд уран зургийг хараад ойлгодоггүй хэрнээ хараад л байдаг. Яг түүнтэй адил зүйл шүү дээ. Арьсан дээрх урлагаасаа мэдрэмж авна. Экстрем спорт, урлаг хоёрыг хийх бүтээх орчин нь өөр хэдий ч авах мэдрэмж нь үгээр хэлэхийн аргагүй нэг л зүйл. Экстрем спортоор хичээллэдэг хүмүүс адерналинд илүү донтдог. Жишээгээр тайлбарлавал, энгийн хүн цочдог шүү дээ. Бид юм хийж байгаад цочсон юм шиг бие арзасхийнэ. Тэр үедээ ВООВ энэ ямар сонин мэдрэмж вэ гэж боддог, гайхдаг. Тэрийгээ дахиад мэдрэх гээд үзээд байдаг. Адерналин хүсдэггүй хүнд энэ нь гажиг зүйл.

-Одоо ямар мэдрэмж авахыг хүсэж байна?

-Хийж байгаа зүйлдээ зорихоос илүү алдаан дээрээ шинэ мэдрэмж авдаг. Манай спортын нэг давуу тал нь баригдмал чиглэл гэж байдаггүй. Баригдмал хөдөлгөөн гэж байхгүй. Өдөр бүхэн шинэ хөдөлгөөн туршина. Зорьж хийсэн зүйл дээрээ алдлаа гэж бодъё. Алдсан алдаа нь дараа нь болчихдог. Тийм болохоор энэ спортын хөгжил туйлдаа хүрнэ гэж байхгүй.

-Энэ спорт юунд ч баригддаггүй гэлээ шүү дээ. Спортоос гадна амьдрал дээр баригдмал биш эрх чөлөөтэй байдаг уу?

-Спорт хүнийг зөв хүмүүжүүлдэг. Түүнтэй адил энэ спортыг хөгжүүлж яваа хүний хувьд хүмүүстэй илүү нээлттэй харилцах шаардлагатай болдог. Илүү их нээлттэй болж байна гэсэн үг. Энэ спортыг баригдмал биш гэдгийг ойлгуулахын тулд би өөрөө ч амьдрал дээрээ баригдмал байх хэрэггүй шүү дээ.

-Хөгжүүлнэ гэснээс энэ спортын хөгжил Монголд хэр түвшинд явж байна вэ?

-Монголын хувьд энэ спорт 10 жил л болж байна. Гурав дахь үеийн тамирчид л гарч ирж байна. Би өөрөө хоёр дахь үеийн тамирчин. Эхний үеийн тамирчид маань ихэнх нь орлон тоглогч хийдэг. Экстрем спорт учраас хөгжихөд их хэцүү шүү дээ. Үнэхээр дурласан хүмүүс нь л сонирхдог. Монголд ядаж таниулахын тулд л хийж банйа.

-Хэдэн нас хүртлээ энэ спортоор хичээллэнэ гэж боддог вэ?

-Би яг төсөөлж үзээгүй юм байна. Гэхдээ 40 хүртлээ хийж чадна. Түүнээс хойш хувийн бэлтгэлтэй эрүүл явна. Тэрнээс цааш ч хийж л таарна. Энэ спорттой салшгүй байсаар л дуусна даа.

-Залуу хүний хувьд бусад залуусаа ямархуу байна гэж хардаг вэ. Хэрхэн дүгнэж байна?

-Залуус илүү нээлттэй болсон гэж харж байна. Энэ нь сайнаар ч бай муугаар ч бай надад таалагддаг. Ахмадууд үүнийг эх захаа мэдэхгүй гэх мэтээр ойлгодог. Нээлттэй хүнээс асуух гэсэн зүйлээ асууж чаддагийнхаа төлөө хүн илүү хурдацтай хөгжинө. Өнөөдөр асуугаад чадаагүй бол маргааш нь ахиад л асуух хэрэгтэй. Залуучуудын энэ хандлага гоё нээлттэй байх тусмаа л сайн.

-Паркур хийдэг, тань шиг үсээ ургуулсан, персингтэй өвөрмөц стайлтай хүмүүсийг нийгэм хэрхэн хүлээж авдаг вэ?

-Нас насандаа ялгаатай. Хаа газар сайн ч хүн бий, муу ч хүн бий. Хандлагын хувьд ихэнх нь муугаар хүлээж авдаг. Тэр тусмаа ахмадуудын хувьд. Энэ тэнд дүүлдэг, ширээ сандал дээр гишгэдэг ч гэдэг юм уу сөргөөр хүлээж авдаг. Дөрвөн жилийн өмнө ямар сонин үстэй юм, муухай юм гэх хүмүүс их байсан. Одоо бол ондоо болсон гэж харж байна. Гэхдээ дөрвөн жил би өөр орнуудаар явж байгаад ирсэн болохоор миний харах өнцөг өөрчлөгдсөн ч байж магадгүй.

-Та ер нь хувь хүний хувьд ямар хүн бэ?

-Миний хувьд шашинлаг хүн биш. Ямар нэг шашин шүтдэггүй. Яагаад гэвэл бодит зүйл дээр ярихад хүмүүс шашинд итгэж байж илүү хүн хүчтэй болдог гэж ойлгодог. Би харин бурханд итгэснийхээ төлөө хойшоо эргэж чадахгүй. Бурханд итгээд гэртээ суухад паркур хийж чадахгүй. Тэрний оронд өөрийгөө хайж, өөртөө л итгэдэг. Харин ганц боддог зүйл нь би дэлхийг энх тайван байгаасай гэж боддог. Энх тайван байгаа газар аз жаргал байдаг шүү дээ.

-Энх тайван байгаа газар аз жаргал байдаг гэлээ. Манай нийгэм таны бодлоор ямар байна вэ?

-Монголын нийгмийг тийм хэцүү байгаа гэж боддоггүй шүү дээ. Намайг хүмүүс чи ажилтай, дуртай зүйлээ хийж байгаа болохоор чамд тэгж санагдаж байгаа юм гэж хэлдэг. Гэхдээ Монголд ийм ч хэцүү амьдрал байна гэж хэлдэг. Гэхдээ миний хандлага бол хүн хичээх л юм бол хаана ч яаж ч байсан аз жаргалтай амьдарч болдог. Дуртай зүйлээ хийж амьдрахын тулд надад шантрах үе байсан. Гэхдээ би туулаад гарсан. Тийм хүмүүс нийгмийг сайн сайхнаар харж эхэлдэг. Амьдрал хэцүү байна гэж боддог хүмүүс надад өрөвдөлтэй санагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан ч хичээж л чадвал сайхан амьдарч чаддаг шүү дээ. Харах өнцгөөс л шалтгаална. Миний харах өнцгөөр бол бүх зүйл сайхан байна.

-Цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?

-Энэ спортыг Монголд хөгжүүлэх гэж олон жил хичээж байна. Олон хүн мэдээсэй дурлаасай. Би өөрөө олон улсын тэмцээнд явж, бусдыг бас оролцуулмаар байна. Энэ төрлийн тамирчдыг дэлхийд нэртэй болгох мөрөөдөлтэй.

-Хөгжилтэй асуулт. Өөрийгөө ямар өвөө болно гэж төсөөлдөг вэ?

-Урт үстэйгээр л төсөөлдөг дөө. Ганг өвөө л байх болов уу. Ямартай ч би амьдралын хоёр хэв маягтай нэг нь “Хиппи” нөгөөх нь Металл Рок хэв магтай. Галзуурмаар орилмоор санагдсан үедээ метал рок хэв маягтай. Энэ төрлийн хөгжимд орж сонирхож, хөгжим тогломоор ч санагддаг. Харин амьдралыг амар амгалан, гоёор харж байгаа үедээ Хиппи хэв байдалтай байдаг. Өөрийгөө тогтвортой суурин амьдарна гэж төсөөлдөггүй. Аялах, сонирхсон зүйлээ хийж л амьдрах байх.

-Үснийхээ талаар манай уншигчдад ярьж өгөөч. Мөн галаар наадагч хийдэг гэж сонссон?

-Үсний хувьд Раста төрлийн үс. Харин хүмүүс намайг харахдаа гангста, регги хүн байна гэж хардаг. Гэхдээ би тийм төрлийн хүн биш. Зүгээр л үсэнд нь дуртай. Регги хөгжим сонсдоггүй, гурван өнгөнд нь ч дургүй.

Харин галаар наадагчийн хувьд таван жил болж байна. Шоунууд дээр очиж тоглодог. Гэхдээ их эрсдэлтэй. Хоёр удаа том хэмжээний шаталтад орж шатаж байсан. Жижиг түлэгдэлтүүд бол олон тохиолдсон. Гал нүүрний урдуур асаж л байдаг шүү дээ. Нэг удаа сахлаа ургуулах гэж үзээд маш их хичээж ургуулсан. Гэтэл нэг галын тоглолтод ороод гараад ирсэн тал нь шатаад дууссан байсан. Хэрвээ шулуун үстэй байсан бол галын шоун дээрээ шатах байх шүү. Ийм өтгөн үс шатсан ч удаан шажиганаад л байдаг юм.

-Залуусдаа хандаж юу хэлмээр байна?

-Дуртай зүйлдээ үнэнч байгаарай. Өнөөдөр мөнгө олохдоо чухал биш. Эрүүл байгаарай. гэж хэлье. Дуртай зүйлдээ цаг гаргаж сураарай.

-Ярилцсанд баярлалаа.

Л.Энх-Амгалан: Багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье
Л.Энх-Амгалан: Багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.