Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19: Хөл хорио жижиг, дунд бизнесүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

Ангилал
COVID-19
Огноо
Унших
10 минут 12 секунд


Коронавирусний халдвар дэлхий дахинд эрчимжиж эхэлсэн өдрүүдээс эхлэн Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн шилжүүлснээс үүдэж зарим байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хөл хорио тогтоосон билээ. Дээрх хугацаанд тогтоож буй хөл хорионоос үүдэж, жижиг, дунд бизнесүүд ихээхэн хохирол амсаад байна. Тухайлбал, бизнесийн үйл ажиллагаа тасалдсанаас үүдэж ажилтнуудаа цомхотгох, тодорхой хугацаагаар цалингүй амралт олгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлжээ. Үүнээс гадна зээлийн эргэн төлөлт, байгууллагын талбайн түрээсийн төлбөрийг хугацаанд төлж чадахгүй хэмжээнд хүрчээ.

Иймд манай редакцаас жижиг, дунд бизнесүүдэд үүсээд буй нөхцөл байдалтай танилцахаар боловсрол, мэдээллийн технологи, үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай ярилцсаныг тоймлон хүргэж байна. 


“УНИВЕРСАЛЬ” БОЛОВСРОЛЫН ГРУПП


Манай “Универсаль” боловсролын групп нь харьяандаа их сургууль, коллеж, ахлах сургуультайгаар үйл ажиллагаа явуулдаг. Нийт 10 мянга гаруй оюутан, суралцагчдад онлайн хичээлийг бэлтгэж хүргэж байгаа учраас тогтмол цалингийн зардал гарч байна. Эцэг эхчүүд танхимаар хичээллэхгүй байгаа учраас төлбөрөө төлөхгүй байгаа нь гарч буй цалингийн зардлаа нөхөх боломжгүй байна гэсэн үг. Тиймд өөрсдийн нөөц буюу эргэлтийн хөрөнгөөс цалингаа олгох байдлаар асуудалд хандаж байна. Хичээл орж буй 600-700 орчим багш нарт цалингаа арай хийж тавьж байгаа бөгөөд захиргаа болоод бусад хэлтэст харьяалагддаг 300 гаруй ажилтнууддаа огт цалингаа тавьж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Манай группийн зүгээс дөрөвдүгээр сарын 30-наас хичээл, сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байна. Сургалтын хоцрогдол үүссэн байгаа учраас агуулгаа танхимын сургалтаар нөхөх, зардлаа гүйцээх, сургалтын төлбөрөө суралцагчдаасаа авах шаардлага бий болоод байна. 

- Юниверсаль группийн УЗ-ийн гишүүн Л.Гэрэлт-Од


"МООД КОЛЛЕКШН" ХХК 


Манай үйлдвэр нь 2001 оноос дөрвөн улирлын малгай үйлдвэрлэл, малгайны захиалга чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2014 оноос "Моод коллекшн" ХХК болон өргөжсөн. Манай компани одоогийн байдлаар 12 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ажилтнуудыхаа цалинг тавьж чадахгүй болсон учраас тавдугаар сарын 01 хүртэл амралт өгсөн байгаа. Хил хаасан байгаа тул бараа, материалаа татаж чадахгүй байна. Бүтээгдэхүүнээ хоёр нэрийн дэлгүүр болон 10 гаруй салбараар дамжуулан борлуулдаг. Иргэдийн худалдан авах чадвар сул байгаагаас үүдэж малгайны борлуулалт эрс муудаад байна. Үйлдвэр болон дэлгүүрийн түрээсээ төлж чадахгүй нөхцөлд хүрсэн. Мөн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ банкандаа гаргаад байна. Хэрвээ тавдугаар сарын 01-нд ажил эхлэх үед нөхцөл байдал хэвэндээ байвал ажилтнуудын цалинг тавих зэргээс эхлээд олон асуудал үүсэх вий гэхээс айж байна. Манай салбар, нэрийн дэлгүүр байрладаг зарим худалдааны төвүүд ажиллагаагүй хоногийн түрээс авна гэхээс эхлээд нөхцөл байдлыг харилцан бодолцож үзээгүй шийдвэр гаргаж байгаа нь энэ их асуудлын дунд ачаа болж байна. Тиймээс бид түрээсийг багасах, ажиллаагүй хоногуудын түрээсийг хасахаар хүсэлтээ гаргасан. 

 - “Моод коллекшн” ХХК-ийн захирал Б.Чимэгбат


ПЕКСОЛЬ БЬЮТИ ХХК

Манай компани нь үсчин, гоо сайхны салоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хажуугаар нь гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулдаг. Хотын А бүсд үйл ажиллагаагаа эрхэлдэг учраас талбайн түрээс өндөртэй байдаг. Энэ халдвар гарахаас өмнө борлуулатын орлогоороо бараа бүтээгдэхүүнээ хангалттай хэмжээнд татчихдаг, түрээсээ цаг хугацаанд нь төлчихдөг байсан. Одоо энэ орлого бараг 70 орчим хувиар буурсан учраас компанийн эргэлтийн хөрөнгө рүү орж эхлээд байна. Үйлчлүүлэгчгүй өдөр гэж бараг л байдаггүй байсан бол одоо ихэнх өдрүүдэд үйлчлүүлэгчгүй нөхцөлд ороод байна.  Засгийн газраас авч хэрэгжүүлж буй багц арга хэмжээнүүдэд багтсан ажилтнуудын урамшуулал зэрэг талаарх мэдээллийг компанийн нягтлан бодогчоосоо лавлахад ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэж хэлсэн. Тушаал шийдвэр гарсан хэдий ч хэрэгжиж эхлээгүй байгаа бололтой. 

- Пексоль Бьюти ХХК-ийн захирал А.Ундармаа 


“ПРОСОФТ СИСТЕМ” ХХК


Манайх зургаан ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн технологийн компани. Зочид буудал, ресторануудад программ суулгах үйлчилгээ явуулдаг. Гэтэл тухайн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоочихоор манайх ямар ч орлогогүй болж байна гэсэн үг. Тодруулбал, манайх программ суурилуулчихаад сарын хураамж авах замаар орлогоо бүрдүүлдэг. Гэтэл нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл зочид буудлын ресторанууд хаасан тул бидэнд төлбөр төлөх шаардлагагүй болсон. Тиймээс манай орлого бүр мөсөн тасраад байна. Мөн цаашдаа ресторанууд хэдий болтол хаах нь тодорхойгүй л байна. Бид цалингаа бол өгч байгаа. Гэсэн ч орлого маань ихээхэн буурсан. Энэ байдал удаан үргэлжилбэл ажилчдын маань цалинд хүндээр нөлөөлөх нь тодорхой болоод байна. Засгийн газрын тогтоол дээр захирамжаас болж үйл ажиллагаа нь доголдсон компанийн ажилчдад 200 мянган төгрөг олгох шийдвэр гарсан байсан. Гэтэл манай байгууллагын үйл ажиллагааг шууд хориглоогүй. Харин манайд орлого өгдөг байгууллагуудын үйл ажиллагааг хориглосон нь компанид маань дам байдлаар нөлөөлөөд байна. Тиймээс манайд өгөх эсэх нь эргэлзээтэй.

- “ПроСофт систем” ХХК-ийн захирал н.Бүрэнжав


“HAPPY INDIGO KIDS” СУРГАЛТЫН ТӨВ


Манайх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Happy Indigo kids” нэртэй сургалтын төв байгаа. Хоёр багш, нэг туслах гээд нийт 3 ажилтантай. Анх цэцэрлэг, сургуулиудад хорио цээр тогтоохтой зэрэгцэн үйл ажиллагаагаа зогсоосон. Тодруулбал, хоёрдугаар сарын 5-аас хойш өдийг хүртэл огт ажиллаагүй. Бид хувь хүнээс байрыг нь түрээслэж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс сүүлийн 2 сард хий дэмий түрээс төлж байна.

Миний ойлгосноор үйл ажиллагаа нь доголдсон ч, ажилчдынхаа орон тоог хадгалж, цалинг нь өгч байгаа газруудын ажилчдад 200 мянган төгрөг олгоно гэсэн. Тэгэхээр манайх багш нараа тарааж, үйл ажиллагаа бүр мөсөн зогссон учраас хамрагдах боломжгүй. Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх сургууль, цэцэрлэг, сургалтын төвүүдийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хаах чиглэл өгсөн нь миний хувьд их хүнд шийдвэр болоод байна. Яг үнэндээ хэдий сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон ч хүүхдүүд гадаа бөөн бөөнөөрөө тоглож байна. Яахав, сургууль, цэцэрлэгт олон хүүхэд цугладаг нь үнэн. Гэтэл манай сургалтын төвд бол хамгийн ихдээ 15 хүүхэд л явдаг. Манай улсын хувьд дотооддоо халдвар тархаагүй. Гадны улсаас ирсэн хүмүүст л илэрч, тухайн хүмүүсийг эрүүл мэндийн салбарынхан хяналтдаа авсан байгаа. Тиймээс ядаж цөөн хүүхэд элсүүлдэг сургалтын төвүүдийн үйл ажиллагаа нээмээр байна.

- “Happy Indigo kids” сургалтын төвийн захирал Ө.Дулмаа


“АЗ ТРЕЙВЭЛ” ХХК


Манайх 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Монголоос гадаад руу жуулчин илгээдэг, гаднаас Монголд жуулчин авдаг аялал жуулчлалын компани байгаа. Ерөнхийдөө аялал жуулчлалын ихэнх компаниуд дөрөв, тавуулаа ажилладаг, харин манайх найман ажилтантай. Компани маань одоо бүр тэг зогсолт хийчихээд байна. Манай компанийн сүүлд байгуулсан 130 монгол жуулчны гэрээ, гадаадаас ирэх 600-700 орчим жуулчны гэрээ бүгд цуцлагдсан. Хааяа Өвөрмонголоос цөөн тооны хүн л ирж байна, бусад үед бол нам зогссон байгаа. Манайх аялал жуулчлалын салбарын толгой компаниудын дараагийн зэрэгт багтах компаниудын нэг. Гэтэл манайхаас доошхи шатны компаниуд бол аль хэдийн уналтад орчихоод байна. Засгийн газраас цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон компаниудын ажилчдад 200 мянган төгрөгийн тусламж үзүүлэх шийдвэрт манай компани хамрагдах боломжтой гэж харсан. Гэхдээ ямар ч ажилгүй тэг зогсолт хийсэн үед 200 мянгаар амьдарна гэдэг хүнд болоод байна. Бид Монголын аялал жуулчлалын компаниудын 97 хувь нь байдаг “Аялал жуулчлалын холбооны хурал”-аар салбарын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Ерөнхийдөө энэ жил байтугай ирэх жилдээ аялал жуулчлалын салбар хөл дээрээ босохгүй гэж харж байна. 

- “Аз трейвэл” ХХК-ийн захирал О.Амарболд

Ухань хотоос өнөөдөр зорчигч тээврийн 276 галт тэрэг хөдлөв
Ухань хотоос өнөөдөр зорчигч тээврийн 276 галт тэрэг хөдлөв
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.