Манай иргэдэд нэг том сул тал байна. Тодруулъя л даа. Иргэн бүр өөрт болон хүрээлэн буй орчны хүмүүс нь аюулд өртөх, эрх нь их ч бай, бага ч бай зөрчигдөх тохиолдолд хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгдөг. Харин цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг хүлээн авч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. Нэг ёсондоо ямарч дуудлага мэдээлэл ирсэн цагдаагийн албан хаагч очиж шалгах үүрэгтэй гэсэн үг. Гэтэл дуудлага мэдээллийн дагуу шалгахаар ирсэн албан хаагчид ямар нэгэн захиалгын дагуу аль эсвэл хэн нэг хүний мууг үзэх гэж яваа мэт харагдах болжээ. Цагдаа хүн энэ дуудлага ийм байгаа учраас би шалгахгүй гэж хэлэх эрхгүй. Энгийн иргэд биднээс ялгаатай нь "Мэдлээ гүйцэтгэе" гэсэн хоёрхон үгэнд захирагдаж амьдардаг хүмүүс юм.
Хамгийн ойрын нэг жишээ дурдъя. Өчигдөр "Алтан тариа" компанийн захирал П.Цэнгүүн үйлдвэрийнхээ барилгад Украин улсын далбааг өлгөснөөс үүдэн цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Гэтэл уг хэргийг том зургаар нь харж үзвэл, Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд "Алтан тариа" компанийн үйлдвэрт Украин улсын далбааг өлгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна гэх дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиж тодруулан ажилласан байдаг.
Жишээ2. Цахим орчинд гэртээ хүн аалз болж тоглосон хүүхдийн хажууд хяналт шалгалтын ажлаар ирсэн цагдаагийн зураг цахимд түгсэн. Иргэд "цагдаа жижиг зүйл дээр сенсаци өдөөж сүр бадрааж байна, зүгээр л гэртээ тоглож байсан хүүхдийг очиж шалгалаа" хэмээн шүүмжлээд байсан юм. Гэтэл энэ хэргийг мөн л том зургаар нь харж үзвэл, "Содон хорооллын оршин суугчаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 22 цаг 13 минутад “дугаар тоотын айлд согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгасан байдаг. Тухайн хаягт бага насны хүүхэд тоглож байсан тул бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар эцэг эхэд нь зөвлөгөө өгч шийдвэрлэсэн ба торгуулийн арга хэмжээ аваагүй гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Дуудлага ирсэн л бол цагдаа зайлшгүй очиж шалгах үүрэгтэй. Учир нь тэдний ажлын үндсэн чиг үүрэг нь шүү дээ.
Эцэст нь хэлэхэд эндээс нэг зүйлийг сайн ойлгож авах хэрэгтэй болж байна. Бид өвдөхөөрөө эмчид үзүүлж эмчлүүлчихээд лам, бөөдөө талархдаг шиг асуудал үүсэх бүрт цагдаагийн албан хаагчдаа дуудаж аюулаас мултардаг хэрнээ өөрийн мөрдөх ёстой чиг үүргийн ажлаа хийж яваа цагдаагийн албан хаагчдаа буруутгах нь хэр зүйтэй вэ. Хатуухан хэлэхэд, Монголын цагдаа нохойд барьдаг мод шиг хамгийн муу муухай руу үгүй гэж хэлэх эрхгүйгээр ордог хэрнээ хамгийн доогуур үнэлэмжтэй байж болох нь зүйтэй эсэхийг уншигчид та бүхэн тунгаана биз ээ.
Х.Умаахан