Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээллээ.
Тэрээр “Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн. Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах уг станц 450 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд 2024 онд ашиглалтад оруулна гэж тооцож байна.
Цахилгаан станцын хөрөнгө оруулалт “Оюу Толгой” ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувиар бага, цахилгааны эрчим хүчний өртгийн хувьд 50 хувиар хямд байна. Хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхнө. Станцаас гадна шугам сүлжээ бүх зүйлийг нь оруулаад 500-600 сая ам доллар зарцуулахаар тусгасан. Энэ станц ашиглалтад орохоор гол хэрэглэгч Оюу-толгой байх ёстой. Оюу-толгой төсөл импортын эрчим хүчинд жил 170-200 сая ам долларыг зарцуулдаг. Энэ төлбөрөөр тооцоход маш богино хугацаанд гаргасан зардлаа нөхөх боломжтой гэж үзэж байна" гэв.