Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Төгөлдөр (LIL thug E): Сайхан сэтгэлтэй та бүхэн минь намайг амьдрууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 32 секунд

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E өнгөрсөн оны есдүгээр сард УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон. Тэрбээр яаралтай химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бөгөөд мөн чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатайн улмаас Турк улсын Истанбул хотыг зорьж "İstinye Üniversitesi Hastanesi Medical Park"-д хэвтэн эмчилгээгээ эхлүүлсэн байдаг. Урлагийнхан түүнд зориулж, олон олон арга хэмжээ зохион байгуулж, хандив цуглуулсан. Тэрбээр эхний хагалгаагаа амжилттай давсан талаар түүний ээж болон найз нь манай сайтад ярилцлага өгсөн юм. Уг ярилцлагыг энд дарж уншина.

Харин Г.Төгөлдөр буюу LIL thug E монголчууддаа талархсанаа илэрхийлжээ. Тэрбээр "Элэгт нэгт Монгол ахан дүүс, урлагийн ах эгч нар, найз нөхөд, надад тусалсан та бүхэндээ талархлын үгийг баяртайгаар бичиж суугааг минь хүлээн авна уу.

Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Аюулт өвчнийг ялан дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагаа дуулгах гэж яаран бичлээ. Миний хийсэн зүйл ердөө л эмнэлгийн орон дээр хэвтэж, эмээр хооллож, олон удаагийн цусны болон химийн эмчилгээнд орох байлаа. Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллаа. Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсэж байна.

Эмнэлгийн орон дээр байхад урмын үг, захидал олон ирж байсан ч тэр болгонд хариулах тэнхээгүй байсныг минь ойлгоорой.

Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн, Г. Төгөлдөр (Lil Thug E)" гэжээ.

Маргааш Улаанбаатарт 4 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт 4 хэм хүйтэн
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.