ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд коронавирусний халдвар 212 улс орон, бүс нутагт өвчлөл бүртгэгдсэн. АНУ, Итали, Испани зэрэг 10 оронд халдвар эрчтэй тархаж байна. Япон, ОХУ зэрэг улс оронд халдвар тархах магадлал өндөр байна.
Монгол Улсад 15 тохиолдол бүртгэгдсэний 4 нь эдгэрч, тусгаарлах байранд шилжсэн. Өнөөдрийн байдлаар 1484 хүн тусгаарлалтанд байна. 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд ажиглалт, тусгаарлалтын байранд ажиллаж байна. Өчигдөр ажиглалтаас гарсан 92 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.
Дэлхийн улс орнуудад сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл хоёр дахин нэмэгдлээ. Монгол Улсын багтдаг Номхон далайн баруун эргийн бүсэд COVID-19 халдварын нэгдүгээр давалгаа өндөрлөж, хоёрдугаар давалгаа Европ, Азийн орнуудаас ирж байгааг анхааруулж байна. Яг одоо ДЭМБ-ын захирал болон 37 орны эрүүл мэндийн сайдтай цахим хурал хийж байна. Үүнд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд оролцож байна" гэв.