Бусдын дээр кофе асгасан МУИС-ийн Хуулийн ангийн оюутан Б.Ариунзаяагийн асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ асуудлыг бид өчигдөр мэдэж, бодит эсэхийг судалсан. Ингээд асуудлыг ул суурьтай авч хэлэлцсэн. Ингээд тухайн оюутныг Хууль зүйн сургуулиас хасах саналаа МУИС-ийн захиргаанд хүргүүлж байна. Түүний үйлдэл хүмүүнлэг ёсны наад захын харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн асуудал. Тиймээс МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналаа хүргүүлж байна. Мэргэжлийн удирдлагын хичээл ордог байсан. Энэ хичээлээ сэргээн оруулах талаар ярилцлаа. Цаашдаа оюутнуудаа сонгон шалгаруулж, элсүүлэхдээ юуг нь анхаарах вэ гэдгээ бас ярилцсан. Мөн тухайн оюутан руу холбогдохыг хичээсэн. Гэвч утсаа аваагүй. Сошиалаар маш их дайралт ирж байгаа учир утсаа аваагүй байж магад. Тиймээс утсаар нь болон оюутны мэйл, элсэн суралцахдаа бүртгүүлсэн мэйл хаяг руу нь явуулсан. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй" гэлээ.