ГЭР БҮЛ...... Сурагчдаа хүлээн авахад бэлэн боллоо хэмээн ХУД-т байрлах 12 дугаар цэцэрлэгийн багш цахим хуудаснаа постолжээ. Уг постыг харсан иргэд өнөөгийн нийгмийн байж байгаа царай, стандарт бус орчинд хүүхдүүд хүлээн авч байна гэх зэргээр ихээхэн шүүмжилсэн. Тиймээс уг цэцэрлэгийн үйл ажиллагааг бид сурвалжиллаа.
Гурван настнуудын шинэ элсэлттэй холбоотойгоор ачаалал нэмэгджээ
Хайрлаж өсгөх ирээдүй болсон үрсийн маань хоёр дахь гэр бол цэцэрлэг, сургуулийн орчин. Иймдээ ч суралцаж буй орчин, эргэн тойрны хүрээлэл хүүхдийн төлөвшил, зан сэтгэхүйд чухал өөрчлөлтүүдийг бий болгоход нөлөөлж байдаг. Тэгвэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэгийн наснаас хасагдаад байсан гурван настнууд саяхнаас танхимаар хамрагдаж эхлээд буй. Гурван настнуудын шинэ элсэлттэй холбоотойгоор ачаалал нэмэгдсэн ч нэг хүүхдийг ч болтугай цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, гэр бүлэг ажиллуулж эхэлсэн нийслэлийн 12 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг сурвалжилсан юм. Гэр бүлгийг түр хугацаанд буюу энэ сарын 1-нээс ирэх тавдугаар сарын 31-нийг хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ.
Хоёр эсгий гэрийг залгуулан барьсан байх бөгөөд дээд гэрт нь хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаа явагддаг бололтой байлаа. Гурван настнуудын харц хоол идэх зуурт ч үл тогтоно. Тийм л дэггүй улс. Тоглоомын тавиурууд л эзнээ хүлээж байх шиг. Учир нь хүүхдийн тоглоомууд байрлуулах тавиурууд цөөн хэдэн тоглоом харагдав. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа тул хүүхдийн тоглоомуудаа бүрэн оруулж ирж байршуулаагүй байгааг арга зүйч хэлсэн юм. Гэр бүлгийн багачуудын “үзэсгэлэн” хэдийнээ гараад эхэлжээ. Навчсаар хийсэн бүтээлээ ханандаа өлгөсөн байх. Хүүхдүүд тоглож наадах, багшийн хийлгэсэн бүтээлд суралцах, унтаж амрахдаа дээд хэсгийн гэртээ байрладаг байна. Хүлээн авах буюу үүдний гэрт эцэг эхчүүдэд хүүхдүүдийг хүлээлгэн өгөх, хүлээж авах мөн эрүүл ахуйн гар нүүрээ угаах, бие засах нөхцөлүүдийг хоёр талд нь тусгаарлаж шийдсэн аж. Өнөөдрийн байдлаар тус гэр бүлэгт нийт 25 хүүхдийг хамруулжээ.
-Эцэг, эхчүүдийн хүсэлтэд үндэслэж гэр цэцэрлэгийг ажиллуулж эхэлсэн-
Нийслэлийн 12 дугаар цэцэрлэг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Тус цэцэрлэгийн шинэ өргөтгөл энэ онд ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээж авсан аж. Гэвч 350 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгт өнөөдөр 600 орчим хүүхдийг хамруулж, ачаалал нь нэмэгдсэн байна. Иймд гурван настнуудын шинэ элсэлттэй холбоотойгоор эцэг эхчүүдийн зүгээс гэр бүлгээ эргэн ажиллуулах санал хүсэлт ихээр ирсэн гэдгийг арга зүйч А.Галбадрах хэлж байлаа. Тэрбээр “Манай цэцэрлэг 2016 оноос эхлэн гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тухайн үед цэцэрлэг маань гурван бүлэгтэй байсан. Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт ганцхан манай цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг учраас эцэг, эхчүүдийн зүгээс санал хүсэлт их ирсэн. Иймд эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан үзэж гэр цэцэрлэгийн үйл ажиллагаагаа эхлүүллээ. Гурван настай 200 гаруй хүүхдүүд дунд сугалаагаар 25-ыг нь авч хамруулсан” гэв.
-Гэр цэцэрлэг шалны цахилгаан халаалттай, био нойлтой-
Харин гэр бүлгийн үйл ажиллагааг явуулахад эрүүл ахуй, аюулгүй орчин нөхцөлийг хэрхэн хангаж байгаа талаар “Гэр цэцэрлэгийн эрүүл ахуй, стандарт тал дээр бүхий л нөөц бололцоогоо ашиглаж анхаарч ажиллаж байна. Хоёр гэр нийлүүлж барьсан байгаа. Том гэрт хүүхдийн суралцахуйн чиглэлээр мэдлэг авах, эрүүл ахуйн дадал хэвшил үндсэн үйл ажиллагаа явагдана. Хүлээн авах буюу үүдний гэрт эцэг эхчүүдэд хүүхдүүдийг хүлээлгэн өгөх, хүлээж авах мөн эрүүл ахуйн гар нүүрээ угаах, бие засах нөхцөлүүдийг хоёр талд нь тусгаарлаж шийдсэн.
Гэр цэцэрлэгийн хувьд ариун цэврийн байгууламжийн асуудлыг био нойлоор шийдэж өгсөн. Био нойл нь хүүхдүүдийн насанд таарсан байдаг. Ингэхдээ задлагчтай, өөрөөсөө үнэр дарагчтай, ариутгагчтай байдаг. Энэ тал дээр эрүүл ахуйн зүгээс онцгойлон анхаарч байгаа.
Анх гэр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байхад гал түлэхээс эхлүүлээд хүндрэлтэй асуудлууд гарч байсан. Манай байгууллага захиргааны зүгээс хүүхдүүдийнхээ эрсдэл, аюулгүй байдлыг тооцож, шалны цахилгаан халаалтыг шийдвэрлэсэн. Анги тусгаарлан ажиллахад хүүхдийн тоглоомоос эхлүүлээд эрүүл ахуй, зохион байгуулалт, ажюулгүй орчин чиглэлд нэлээдгүй бэлтгэл ажлуудыг хийсэн” гэлээ.
-Гэр нь агаарын зөв урсгалтайн дээр хүүхдийг чимээ шуугианаас холдуулдаг-
Гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх намраас Монгол ёс заншлын өргөө ба түүнийг таниулах, сурталчлах, өв соёлын талаар мэдлэг мэдээлэл олгоход түлхүү чиглүүлнэ гэдгийг удирдлагууд хэлж байлаа. Дөрвөлжин хананы дунд хүүхэд багачууд амьдарсаар монгол гэр, өв соёл зэргийн талаар ойлголт, мэдлэг дутмаг болж байгаа гэдэгтэй олон эцэг, эхчүүд санал нийлэх байх. Энэ чиглэлд гэлтгүй гэр цэцэрлэгийн давуу тал их болохыг арга зүйч А.Галбадрах ярив. Тэрбээр “Одоогийн орчин нөхцөлд хотжилт явагдсан. Иймд ёс заншлын өргөө хэлбэрээр хүүхэд багачуудад цэцэрлэгийн орчинд нь монгол ёс заншил, уламжлалаас суралцах боломжтой болно.
Гэр маань цэцэрлэгийн барилгатай харьцуулахад орон зай бага. Гэхдээ гэр цэцэрлэгийн давуу талууд их. Тухайлбал, гэр нь агаарын зөв урсгалтай, хүүхдийн эрүүл мэндийг маш сайн дэмжсэн орчны чимээ шуугианаас өөрсдийг нь холдуулж байгаа хэрэг юм.
Зарим үед гэрт орж ирчхээд гайхаж харах хүүхэд ч их байна. Хүүхдийг сонирхлыг ч маш их татсан. Гэр ангид суралцаж байгаа хүүхдүүд заримдаа хөгжмийн танхим руу орох үе гардаг юм. Хөгжмийн чимээ гарч, ангид цуурайтахад гэр ангид сурч буй хүүхдүүд чихээ дараад суучих үе ч байна. Энэ нь гэр анги дуу чимээний хувьд ч хүүхдүүдийг тайван байлгадаг нь харагдаж байгаа юм” гэв. Мөн хүүхдийн тоог хэт нэмэгдүүлэх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх тул 25-аас хэтрүүлэх боломжгүй гэдгийг хэлж байв.
-Нийтийн тээвэр, түгжрэлээс дутхааргүй асуудал: БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖ-
Нэг хүүхдийг ч болтугай цэцэрлэгт хамруулах үүднээс гэр цэцэрлэгийг ажиллуулж эхэлсэн нь сайшаалтай. Гэвч энд хөндөх нэг л асуудал байна. Товчхондоо, нийслэлд цэцэрлэг, сургуулийн хүртээмж гэдэг зүйл хэдийнээ алдагдаж, ажил хийж өрхийнхөө орлогыг залгуулах хүсэлтэй эцэг, эхчүүд цэцэрлэгүүдэд ихээр хандаж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гурван настнуудын асуудлыг шийдвэрлэх гэсээр бүтэн жилийн нүүрийг үзэх шахлаа. Гэхдээ нэмэлт элсэлт, сугалаа явуулж байж л сая нэг хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах эсэх нь тодорхой болж байна. Хэдийгээр цар тахлын үе таарч байгаа хэдий ч хамран сургах тойрог, элсэлт, улсын цэцэрлэгүүдийн нөөц бололцоо зэргийг бүрэн судалсан эсэх эргэлзээ төрүүлж байна. Өргөтгөлтэй байранд үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хүчин чадлаасаа хэтэрсэн ачааллыг цэцэрлэгүүд үүрч байна. Иймээс нийтийн тээвэр, түгжрэлээс чинь гадна нийгэмд шаардлагатай боловсролын хүртээмжийн асуудал мартагдаад байгааг салбарын сайдад болоод бусад төрийн түшээ нарт нь уламжилъя.