Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний байдлаар 50 тээврийн хэрэгслээр 63 чингэлэг оруулж ирсэн. Чингэлгийн тээвэрлэлт эхэлсэн өдөр буюу нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 1798 тээврийн хэрэгслээр 2332 чингэлгээр 42.556 тонн ачаа оруулж ирсэн байна. Өдөрт дунджаар 60-70 чингэлгийг нэвтрүүлж байгаа. БНХАУ-ын талд чингэлэг солилцох талбайг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан. Талбайг нэмэгдүүлснээр чингэлгийн тоог нэмэгдүүлэх боломжтой” гэв.