Олон улс судлалын доктор П.Наранбаяртай Орос, Украин улсын одоогийн нөхцөл байдал, түүний шалтгаан, үр дагавар зэргийн талаар ярилцлаа.
-ОХУ Украин улсын Донбассын бүс нутагт “тусгай ажиллагаа” явуулж эхлээд байна. Гэхдээ энэ байдалд Украиныг бүрэн эзлэх төлөвлөгөөгүй, зөвхөн салан тусгаарласан Донецк, Луганскийн иргэдийг Киевийн довтолгооноос хамгаалах тухай мэдэгдсэн. Ер нь ОХУ болон Украины хурцадмал нөхцөл байдал хаанаас эхлэв?
-ОХУ Украин улсын харилцаа “хүйтэрсэн” нь хэд хэдэн шалтгаантай. 1991 онд Украин улс тусгаар тогтнолоо зарласан. Энэ үед ОХУ Украины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Өөрсдийн нэг хэсэг хэмээн үзсэн. Гэхдээ Украин улс НҮБ-ын гишүүн орон. Энэ утгаараа тусгаар тогтнолыг нь олон улс хүлээн зөвшөөрсөн.
Харилцаа хурцадмал болсон гол шалтгаан нь НАТО-гийн асуудлаас үүдэлтэй. Оросууд дунд Украины газар нутгийг өөрсдийнхөө нэг хэсэг хэмээн үздэг үзэл бодолтой хүмүүс олон байгаа. Үнэхээр ч Украины зүүн хэсэгт Оросууд их байдаг.
Нөгөөтээгүүр НАТО бол өөрийнхөө хил хязгаарыг тэлэх цаашилбал гишүүн орнуудаа нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ыг онилж байгаа. Ингэхдээ стратегийн зэвсэглэлүүдээ аль болох ОХУ-д ойр байлгах зорилготой. ОХУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар НАТО-г зүүн тийш тэлэхгүй байх асуудалд эмзэг хандаж ирсэн. 2014 онд Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн Засгийн газар унахад ОХУ болон Украины харилцаа эрс хүйтэрч эхэлсэн. Түүнээс хойш Украин Европын холбоо, НАТО-той ойр бодлого барьсан. Ингэхдээ ОХУ энэ тал дээр эмзэг хандаж байсан тул батлан хамгаалах хүчээ богино хугацаанд зузаатгасан байна. Зэвсэглэлээ эрс сайжруулж Украины гурван талаас цэрэг оруулахад бэлэн байдалтай. АНУ-ын өчигдөр гаргасан мэдээллээс харахад хилийн зурвасаас ердөө таван км-ийн зайд цэргүүд дайралт хийхэд бэлэн байдалд байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин Украины зүүн хоёр мужийг тусгаар улс статусыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурчихлаа. Гэвч энхийг сахиулах нэрийн дор цэргээ оруулсан нөхцөл байдал бий болсон.
-ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээнүүдэд хүчтэй цохилт авахгүй байх боломжтой-
-ОХУ цэргийн ажиллагаагаа зогсоох бодолгүй байгаа байр суурин дээрээ байсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн Мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ч хуралдаж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга нь яриа хэлэлцээ гэдгийг онцолсон. Гэвч хүлээж аваагүй. Товчхондоо, Оросын одоо авч хэрэгжүүлж буй дайны шийдэл дээр та ямар бодолтой байна?
-В.И.Путин НАТО-г зүүн тийш тэлэхгүй байх, Украинд зэвсэг нийлүүлэхгүй байх шаардлагыг тавьж байсан. Үүнийг нь НАТО хэрэгжүүлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Иймээс л зэвсэглэл, дайны аргаар асуудлыг шийдэхээр болов уу хэмээн харж байна. Дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайн хаанаас эхтэй вэ. Бүгд л Европоос эхтэй шүү дээ. Нэгдүгээр дайн болох Балканы хойг байсан. Хоёрдугаар дайн Германаас үүдэлтэй. Сүүлдээ Польшийг ЗХУ Герман хоёр улс хоёр талаас нь хавсарч цохилтод оруулж, эзэлсэн. Тэгэхээр дараагийнх нь Украин боллоо. Өмнө хэлсэнчлэн геополитикийн асар их ач холбогдолтой газар нутаг. Өрнийхөн өөрсдийн ашиг сонирхол байгаа гэдгээ илэрхийлчихсэн. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй нь ОХУ.
-Бээжингийн олимп дуусмагц Бээжин Тайван руу довтлох магадлал өндөр болно-
-Барууны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авах болсон талаар зарлаж байна. Энэ нь ОХУ-ын эдийн засагт том зургаараа хэрхэн нөлөөлөх бол?
-Эдийн засагчдын үзэж буйгаар үр дүнгүй байж магадгүй гэх зүйлийг ярьж байна. Учир нь БНХАУ-ын орон зай. Хятад улс өнөөдөр ОХУ-ыг ил цагаан дэмжихгүй ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэв өрнө дахины нөлөө бүрэн орчихсон тохиолдолд Хятадтай наймаагаа хийсээр байвал ОХУ эдийн засгийн хоригийн хувьд хүчтэй цохилт авахгүй.
Хоёрдугаарт, эдийн засгийн хориг арга хэмжээ эргээд өөрсдөд нь ирэх магадлал өндөр. Яагаад гэвэл ОХУ бол их гүрэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-д хориг арга хэмжээ тавьж буй улсууд ч өөрсдийнхөө мөчрийг хугалж байна гэсэн үг. Дайн бүү болоосой гэж хүсэж байлаа. Гэхдээ энэ дайн ОХУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Орос, Хятадын эдийн засаг өсч байгаа нөхцөлд манай улсынх ч дагаад өсдөг. Хямрал үүсвэл хүндрэлтэй нөхцөл байдлууд ч бий болно. Бид нэг зүйлийг сайн ажиглах ёстой. Бээжингийн олимп дуусмагц Бээжин Тайван руу довтлох магадлал өндөр болно. Яагаад гэвэл НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн системийг бүрэн ганхуулах явдал эхэллээ шүү дээ. Энэ бол туйлын том аюул.
-ОХУ-тай харьцуулахад Украины цэрэг, байлдааны хүч хэр гэж харж байна. Украины армийн албан хаагчид Оросын түрэмгийллийн эсрэг хариу цохилт өгч эхэлснээ мэдэгдээд байна шүү дээ?
-Украин өөрөө онц байдал зарлаж, цэргийн хүчээ дайчлаад эхэлсэн. Энэ нөхцөлд Украины цэргийн хүчийг үгүйсгэж болохгүй. Украин Европын орнуудаас ядуурлын түвшингээр доороосоо хоёрдугаарт бичигддэг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4 мянган доллар хүрэхгүй. Авлигад хэт их автагдсан орон. Энэ мэтээс үүдэн хүч нь суларсан. Гэхдээ цэргийн хүчээрээ нэлээн өндөрт. Их Британи, АНУ-ын зүгээс маш их цэрэг, зэвсгийг нийлүүлсэн. Тэгэхээр Украины Ерөнхийлөгч улсынхаа газар нутгийн халдашгүй байдлыг хамгаална хэмээх байр суурь дээрээ хатуу зогсож байгаа харагдсан. Аль аль нь хүчтэй. Хүйтэн дайны дараах хуваагдмал байдал дахиад үүсчихлээ. Тэгэхээр энэ бол богино хугацаанд шийдэгдэх дайн биш.
-Крымийн асуудлаас хойш ОХУ болон Украины хооронд дипломат харилцаа гэхээр зүйл байгаагүй-
-ОХУ, Украины нөхцөл байдлын улмаас экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тос, байгалийн хий, эрчим хүчний үнэ улам өснө гэдгийг зарим судлаачид хэлж байна?
-Мэдээж. Газрын тос, түүхий эдийн үнэ шууд өснө. Энэ нь манай улсын эдийн засагт туйлын таагүй нөхцлийг авч ирнэ. Сургаар л өсөж эхэлсэн шүү дээ.
-Монгол Улс Орос Украины асуудалд ямар байр сууринаас хандах ёстой гэж та харж байна вэ?
-Монгол Улс аль нэг талыг барьсан мэдэгдэл хийж болохгүй. Төвийг сахисан, энхийг эрхэмлэсэн шинжтэй гадаад бодлогыг барих ёстой. Учир нь бид ОХУ-тай мөнхийн хөрш. Гэхдээ манай улсын гуравдагч хөрш бол ардчилсан орнууд. АНУ-ыг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлмэгц Канад, Япон зэрэг холбоотон улсууд ч дагасан. Тэгэхээр эл асуудалд манай улс ухаалаг гадаад бодлогыг барих ёстой хэмээн бодож байна.
-Дайн хэр удаан үргэлжилнэ гэж таамаглаж байна?
-Цаанаас Өрнөдийн дэмжлэгтэй, наанаас зэвсгийн хүч ихтэй том гүрнүүдийн “зодоон” болох учраас удаан үргэлжлэх байх. Удаан гэдэг нь хэдхэн өдрийн дотор магадгүй хэдхэн цаг, сар, жил гэсэн үг биш шүү дээ. Урт хугацааг хамарсан дайн болох болов уу хэмээн таамаглаж байна. Өнөөдрийн нөхцөлд дайн хэр удаан үргэлжлэхийг таамаглахад хэцүү.
-Зүүн хоёр мужийн асуудал яригдаж эхлэхээс өмнө ОХУ Украинтай гадаад харилцааны бодлогын хувьд хэр харилцаатай байсан юм бэ?
-Украин улсыг анх ОХУ хүлээн зөвшөөрөөгүй. Орост ээлтэй бодлого явуулдаг Ерөнхийлөгч нартай байсан. Өөрөөр хэлбэл, өрнө дахинаас зайгаа барьж, Оростой илүү харилцдаг байсан гэсэн үг. Энэ үед ийм хурцадмал байдал үүсээгүй. Харин Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн үед иргэдийн бослого гарч, 2014 онд ОХУ-руу зугатсан. Үүний дараагаар Орос улс Крым рүү цэрэг оруулсан. Крымийн асуудлаас хойш ОХУ болон Украины хооронд дипломат харилцаа гэхээр зүйл байгаагүй гэж ойлгож болно.
-Орос, Украины одоогийн нөхцөл байдлаас анхаарч харах зүйл нь юу гэж та харж байна?
-Засаглал маш муу байсны илрэл. Авлига их байсан учраас ард түмэн нь засаглалдаа итгэдэггүй байсан. Тиймээс хоёрдугаар сарын 16-ны өдрийг “Ард түмний эв нэгдлийн өдөр” хэмээн зарлаж байхад100 хүрэхгүй хүн ирж жагссан. Ийм л байдалтай байгаа. Авлига бол улс орны тусгаар тогтнолын үндсийг “хөрөөддөг” юм байна гэдгийг Украины жишээнээс харах ёстой. Хэрвээ хариуцлагатай, авлигагүй, эдийн засгийн өсөлттэй, өсөлт нь иргэддээ хүрдэг байсан бол засаглалынхаа хүчийг ийм хурдан алдахгүй байх байсан.
-Ярилцсанд баярлалаа.