Энэ сарын 19, 20-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 568 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 446 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 9, орон нутагт 2 нийт 11 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг иргэн нас барсан байна.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 111, орон нутагт 39 нийт 150 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Иймд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчихоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.