Ардчилсан намд хуваагдаагүй хэсэг, алдагдаагүй үнэт зүйл, хэрүүлгүй юм гэж үлдэхгүй бололтой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд С.Эрдэнэ, жүжигчин Д.Сосорбарам, Л.Ганхөлөг, Д.Монголхүү тэргүүтэй нөхдүүд МоАХ-ны үндэсний зөвлөгөөн гэгчийг хийв. Тэд уг зөвлөгөөнөөрөө МоАХ-ны дарга Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзээд, Д.Монголхүүг оронд нь дэвшүүлэв.
Ийнхүү нам нь гурав хуваагдаад байгаа Ардчилсан намынхны МоАХ нүдэн дээр хоёр хуваагдчихлаа. Үүнтэй зэрэгцээд Х.Баттулгыг Хөгжлийн банк, төмөр замын асуудлаас болоод Сингапур руу зугтсан гэх шуум сошиалд түгэв. Харин экс Ерөнхийлөгч Х.Баттулга нэгд, зугтаагүй гэх хариулт. Хоёрт, МоАХ-ын даргын суудлаа өгөхгүй гэдгээ илэрхийлж зургийн үзэсгэлэн үзсэн зургаа холбооныхоо албан ёсны цахим хуудснаа байршуулав. Хэрүүл эндээс л эрчимтэй эхэлж байгаа юм. АН-ын хувьд эхлээд фракциудынх тэргүүнүүд хуваагдсан. Дараа нь нам нь, дарга нь, тамга нь хүртэл хуваагдаж хоёр болсон. Өнгөрсөн намраас УИХ дахь бүлэг нь ч хуваагдав. Тэр ч байтугай хуваагдсан тал нь хүртэл дахин хуваагдаж олныг ангайлгав. С.Эрдэнэ хүртэл үүнд уурлаж “хөөнө, зайлуулна” гэж цамнаж харагдсан.
Тэгвэл С.Эрдэнэ талынхан ямар ашиг сонирхлын үндсээр Х.Баттулгын МоАХ-д хэрүүл алим хатгаж орхив гэдэг сонирхолтой.
Ардчилсан намынхан энэ янзаараа 2024 оны сонгуульд мөр бүтэн орж чадахгүй бололтой. Олон нийтийн эсэргүүцэл өдрөөс өдөрт нэмэгдэж буйг мэдэрч буй МАН-ынхан ч тэднийг сонгуульд хүчтэй оруулахыг хүсэхгүй. Тиймээс Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэх экс Ерөнхийлөгчид дээр хуваагдсан Ардчилсан намынхан бие биенээ ахиухан хорлоод авахыг л хичээцгээж байна.
МоАХ бол Ардчилсан намын гишүүд дэмжигчдийнх нь олонхыг бүрдүүлдэг стратегийн ач холбогдолтой дэмжигч бүлэг. 1990 оны Ардчилсан хувьсгалын тэргүүнд жагсаж, тэмцэж явсан ахмад партизанууд гол цөмийг нь бүрдүүлдэг МоАХ 21 аймаг, бараг бүх сумдад салбар нэгж, байшин савтай. Ядаж л АН-ыг бодоход Ардчиллын ордон гээд томоохон байртай. Өөрөөр хэлбэл, МоАХ бол маш Х.Баттулгын хувьд ч, С.Эрдэнэ талынханд ч онцгой ач холбогдолтой юм. Ялангуяа Х.Баттулгын улс төрд онцгой чухал. Тэр эндээс улс төрөө эхлүүлж байсан. Одоо ч үргэлжлүүлж буй.
Х.Баттулга АН-ыг боломж нэгэнт “амьдралгүй” болвол АН-ыг орхиод МоАХ-гоо бариад дараагийн сонгуульд орох төлөвлөгөөг боловсруулсан. Тиймээс чихнээс нь хонх уядаг хэргүүдийг сонгууль хүртэл чимээгүй байлгахын тулд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын удирдлагуудтай тохироонд хүрсэн. Уг тохирооны “сүйн бэлэг” нь Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаал. Х.Баттулгын МоАХ-ыг нам болгоод сонгуульдах төлөвлөгөөний нэг хэсэг нь Монголын ногоон нам. Тус нам улсын бүртгэлд МАН, АН-ын араас гуравдугаар байранд бичигдэнэ. Тиймээс МоАХ-г Монголын ногоон намтай нэгтгэж нэрийг нь солиод МоАХ намыг бий болгоно. Энэ явц нь Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн хийх Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд хийгдэх сонгуулийн холимог тогтолцоотой уялдана. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн манлайлж парламентын босгыг давуулахыг хичээх Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэй ч гэсэн огтлолцож, санхүүгийн дэмжлэг авна.
Мэдээж энэ бүхнийг С.Эрдэнэ хүлээн зөвшөөрөхгүй. С.Эрдэнийн талынханд энэ бол ялагдал. Тиймээс Х.Баттулга тэргүүтний ирээдүйд хийж магадгүй уг улс төрийн үйл явцад саад учруулах. Цаашлаад Х.Баттулгын Ардчилсан нам дахь сүүлчийн “цайз” болох МоАХ-ынх нь үйл ажиллагааг доголдуулах юм. Тиймээс саяын үйлдлийг хагалан бутаргаж, хүчийг нь тарамдуулах зорилготой үйлдэл гэж шуудхан хэлж болох л юм.
Л.Баяр