Олимпын наадмын дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 8-нд юу болж өнгөрснийг тоймлон хүргэе.
УУЛЫН ЦАНА
Эрэгтэйчүүдийн супер жи
1.М.Майер /Австри/ 1:19.94
2.Р.Кокран-Сигл /АНУ/ 1:19.98
3.А.Омодт-Кильде /Норвеги/ 1:20.36
Уулын цанын 11 багц медалийн хоёр дахь нь өнөөдөр эздэдээ очлоо. Супер жи буюу жиант слаломын эрэгтэйчүүдийн төрөлд 47 тамирчин өрсөлдсөнөөс Австрийн цаначин, Пёнчан, Сочигийн олимпын аварга Маттиас Майер аваргалав.
Америкийн төдий л нэрд гараагүй тамирчин Райан Кокран-Сигл түүнээс 0.4 секунд хоцрон хоёрт орсон нь томхон сенсаац байв. Энэ тамирчин 2012 оноос хойш Дэлхийн цомын цувралуудад оролцож байгаа ч нийлбэр дүнгээр дээд тал нь 18-р байр эзэлж байв. Харин Бээжингийн олимпод одтой уралдаж, том тэмцээний анхны медалиа хүртлээ.
Норвегийн А.Омодт Кильде гуравт хурдлан олимпын наадмын анхны медалиа хүртсэн.
БИАТЛОН
Эрэгтэйчүүдийн хувийн гараа /20 км/
- Кантен Фийон Майе /Франц/ 48:47.4
- Антон Смольский /Беларусь/ 49:02.2
- Йоханнес Бё /Норвеги/ 49:18.5
Пёнчаны олимпын хувийн гарааны аварга Норвеги Й.Бё 2018-2019, 2019-2020, 2020-2021 оны улиралд нийлбэр дүнгээр тэргүүлж, бусдаас хол тасархай байсан. Гэвч олимптой жилийн улирал буюу 2021-2022 оны улиралд тэргүүн байраа Францын Майед алдаж, нийлбэр дүнгээр гуравт бичигдэж яваа. Майегийн хувьд улирлын лидер зүгээр ч нэг болчихоогүй гэдгээ баталж, Бээжингийн олимпын эхний хоёр уралдаанаас алт, мөнгөн медаль авлаа.
Харин энэ хоёр луугарын завсар Беларусийн сураггүй биатлонч А.Смольский шургалсан нь бяцхан сюрприз байв. Тэрбээр бүх сумаа алдалгүй буудсан хоёрхон тамирчны нэг юм.
ГҮЙЛТИЙН ЦАНА
Эмэгтэйчүүдийн спринт /1.5 км/
- Йонна Сундлинг /Швед/ 3:09.68
- Мая Дальквист /Швед/ 3:12.56
- Жесси Диггинс /АНУ/ 3:12.84
Цанын сонирхолтой төрлүүдийн нэг спринт уралдаанд Шведийн Йонна Сундлинг магнайдаа тоос хүргэлгүй түрүүлэв. Тэрбээр урьдчилсан шатанд хамгийн шилдэг цагийг үзүүлж, дараа дараагийн даваанд ч бүхнээс түрүүлж барианд орсоор олимпын анхны медалиа өөрийн болгосон.
Түүний нутаг нэгт цаначин, дэлхийн хошой аварга (багийн спринтээр) Мая Дальквист мөн л олимпын наадмын анхны медалиа хүртсэн юм.
Америкийн цаначин, Пёнчаны олимпын багийн тэмцээний аварга Жесси Диггинс хүрэл дээр буув.
Энэ төрөлд уралдсан манай тамирчин А.Энхтуул 91 тамирчнаас 79-р байр эзэлсэн билээ.
Эрэгтэйчүүдийн спринт /1.5 км/
- Йоханнес Хёсфлот Клебо /Норвеги/ 2:58.06
- Федерико Пеллегрино /Итали/ 2:58.32
- Александр Терентьев /Оросын ҮОХ/ 2:59.37
Пёнчаны олимпын хувийн спринт уралдаанд алт, мөнгөн медаль авсан тамирчид Бээжинд ч яг энэ дарааллаараа жагсав. Норвеги эр Клебогийн хувьд багийн спринт болон буухиа уралдаанд ч ногт ганзагалаж ирэх нь тодорхой.
Харин залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалиас өөр гайхуулах амжилтгүй Оросын залуу тамирчин Терентьев олимпын анхны медалиа авлаа.
Энэ төрөлд уралдсан манай тамирчин Б.Ачбадрах 90 тамирчнаас 77-р байр эзэлсэн билээ.
КЁРЛИНГ
Холимог баг
- Итали
- Норвеги
- Швед
Италийн тамирчид кёрлингийн спортын түүхэнд олимп, дэлхийгээс медаль авч байсан түүх үгүй. 2006 оны Туриний олимпод Ж.Реторназ долдугаар байр эзэлсэн нь тэдний түүхэн дээд амжилт.
Харин Бээжингийн олимпод италичууд тун чамбай бэлдэж иржээ. Тэд урьдчилсан шатанд 9-0 амжилтаар гарч ирээд хагас шигшээд Шведийн хүчирхэг багийг 8:1-ээр илүүрхсэн. Улмаар финалд Норвегийн багийг хожин аваргалснаар кёрлингийн спортын түүхэнд нэгэн том хуудас нээж, нэгэн том сенсаац дэгдээлээ. Монгол наадмаар зүйрлэвэл сумын заан хүү улсын наадамд ирээд аварга, арслангуудыг унаган түрүүлсэнтэй л төстэй зүйл боллоо, олимпын кёрлингийн тэмцээн.
УРАН ГУЛГАЛТ
Эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өнөөдөр явагдлаа. Одоогоор Америкийн Натан Чен 113.97 оноогоор тэргүүлж, Японы Юма Кагияма (108.12), Шома Уно (105.90) нар удаалж байна. Тамирчид 10-ны өдөр 09:30 цагаас чөлөөт үзүүлбэрээр өрсөлдсөний эцэст медальтнууд тодорно.
ФРИСТАЙЛ
Эмэгтэйчүүдийн биг эйр
- Айлин Гу /БНХАУ/ 188.25
- Тесс Ледё /Франц/ 187.50
- Матильд Гремо /Швейцар/ 182.50
Америк аав, хятад ээжтэй Айлин Гу өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хоёр алт авсан амжилтаа гэнэтийнх байгаагүйг нотолж, 18-хан насандаа олимпын аварга болон хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Дэлхийн хошой аварга Ледё олимпоос анхны медалиа зүүсэн бол Пёнчаны олимпын мөнгөн медальт Гремо хүрлийн эзэн болов.
СНОУБОРД
Эмэгтэйчүүдийн паралель жиант слалом
- Эстер Ледецка /Чех/
- Даниела Ульбинг /Австри/
- Глория Котник /Словен/
Чех бүсгүй 2018 оны Пёнчаны олимпын энэ төрөлд мөн түрүүлж байв. Австрийн залуу тамирчин Ульбингийн хувьд анхны том амжилт нь Бээжингийн олимпын мөнгөн медаль боллоо. Харин Словенийн туршлагатай тамирчин Котник дөрвөн олимп дараалан зүтгэсний эцэст анхны медалиа Бээжингээс авав. Мөн тэрбээр сноубордын төрлөөр олимпоос медаль авсан Словенийн анхны эмэгтэй тамирчин болжээ.
Эрэгтэйчүүдийн паралель жиант слалом
- Бенжамин Карл /Австри/
- Тим Мастнак /Словен/
- Вик Уайлд /Оросын ҮОХ/
Сочи, Ванкуверийн олимпын мөнгө, хүрэл медальтай Австрийн Карл олимпын аварга болох мөрөөдлөө ийн биелүүлэв. Тэрбээр дэлхийд таван удаа түрүүлсэн ч олимпод л аваргалж чадалгүй явсан юм. Америк гаралтай орос залуу Уайлд Сочигийн олимпоос хошой алт авснаас хойш хэсэг чимээгүй явсны эцэст Бээжинд хүрэл дээр буулаа.
ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР
Эрэгтэйчүүдийн 1500 метр
- Келд Нейс /Нидерланд/ 1:43.21
- Томас Крол /Нидерланд/ 1:43.55
- Ким Мин-Сеок /БНСУ/ 1:44.24
Нидерландын Нейс олимпын наадмаас гурав дахь алтаа авсан бол түүний нутаг нэгт Крол олимпын медальтны их гэр бүлд шинээр нэгдэв. Солонгосын Мин-Сеок Пёнчаны амжилтаа давтан гуравт хурдаллаа.