Цагаан сараар цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хурандаа Л.Амармөрөн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цагаан сарын баярыг элдэв эрсдэл, осол хэрэггүй, амгалан тайван тэмдэглэн өнгөрүүлэхэд цагдаагийн байгууллагаас анхааран ажиллаж байна. Иргэд Богдхан уулын ам, энгэрүүд, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан ууланд гарч шинийн 1-ний нар харах гэж олноороо зорин очдог. Тиймээс цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг барьж олон хүн нэг дор бөөгнөрүүлэхгүйн тулд хотын ойролцоох уул овоо орчимд эргүүлд гарч байгаа.
Энэ жилийн хувьд Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Ингэхдээ хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг мөн сануулахад илүүдэхгүй. Энэ нь хүүхдийн эсрэг зөрчилд тооцогддог бөгөөд 300 мянган төгрөгөөр торгох заалттай байдаг. Аль болох архи хэрэглэхгүйгээр баярлаж сурах, цаашид зуршил болгохыг уриалж байна.
Олон хоног амарч байгаатай холбоотойгоор иргэд хөдөө, орон нутаг руу явцгаадаг. Ингэхдээ гэр орныхоо аюулгүй байдал, хаалга, цоожныхоо бэхэлгээг сайтар шалгаагүйгээс болж орон байрны хулгайд эд зүйлсээ алдаж, хохирох тохиолдол урьд өмнө нь олонтаа гарч байсан. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд эзэнгүйддэг. Харуул, хамгаалалтын ажилтнууд ажлын байраа орхиж, айл хэсэх, архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө алдагдах нь бий. Гэрээс гарахдаа зул асааж, арц хүж уугиулж орхидог эрсдэл мэр сэр гарч байсан. Энэ бүхэнд онцгойлон анхаарч, айл хөрш, зэргэлдээ айлдаа захих, цоож цуургаа бөхлөх, байгууллагууд эргүүл жижүүр ажиллуулахад анхаараарай.
Баярын үеэр эрс нэмэгддэг нэгэн зөрчил бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих юм. Багахан балгасан, айраг л уусан гэдэг жолооч олон байдаг. Архи, согтууруулах ундааг зайлшгүй байдлаар хэрэглэсэн бол, багахан амссан байлаа ч дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлж занших нь зөв юм.
Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан зорчихыг онцгойлон сануулъя. Хүүхдийг зориулалтын суудалд суулган, хамгааалах бүс хэрэглэн зорчих, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сонсож, алсын замд гарч байгаарай.
Битүүний өдөр болон Сар шинийн өдрүүдэд хүмүүс хурал ном даган баясах, засал хийлгэх зорилгоор гандан хийдийг зорьдог. Олон хүн бужигнасан тийм л үед халаасны хулгайн гэмт хэрэг өсдөг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зах, худалдааны төвд халаасны хулгайн дуудлага нэмэгдэж, өдөрт 18 хэрэг бүртгэгдсэн. Тиймээс иргэд хулгайн гэмт хэргээс сэргийлж, аль болох гэрээсээ цахим хэлбэрээр хурал номоо хуруулж, заслаа хийлгэх нь зөв юм" гэлээ.