Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зарим гишүүдийг УИХ-ын чуулганаар томилсонтой холбоотойгоор албан тушаалд очсон зарим хүмүүсийг шүүмжилж буй иргэд бий. Үүнтэй холбогдуулан томилгоог олон нийтийн нээлттэй оролцоотойгоор хийдэг болсон талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар мэдээлэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "УИХ-ын олонхын гаргасан шийдвэрийг иргэн, иргэний нийгэмлэгийн байгууллагууд болон бусад хүмүүс эсэргүүцэх, шүүмжлэх эрхтэй. Түүнийгээ итгэл, үнэмшил болгож байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандаад тэр хүний бурууг тогтоолгох боломжтой.
Үүний гол Ардчилсан процесс нь өмнө нь шүүмжлэх боломжгүй байсан юм. Томилгоо болгоны ард лобби байдаг. Гишүүдийн лобби, иргэний нийгмийн лобби, иргэдийн лобби, найз нөхдийнх нь лобби байдаг. Гэхдээ энэ томилгоог ил тод, нээлттэйгээр хийж байгааг бусад хүмүүс үнэлж, дүгнээд түүнийг эсэргүүцээд зогсохгүй тэр асуудлынхаа араас явах бололцоог бүрдүүлсэн нь дэвшил юм. Хамтын удирдлагын байгууллага гэдэг нь олонхоороо шийддэг тогтолцоотой. Үнэхээр буруу хүн томилогдсон гээд олон нийт шүүмжлээд байвал дараа дараагийн томилгоонд эргэлзээтэй хүмүүс дахиж орж ирэхгүй" гэв.