Сар шинийн баяр дөхсөн эл өдрүүдэд зах, худалдааны төвүүд баярын бэлтгэлээ хангах гэсэн олны хөлд хэдийнэ дарагджээ. Магадгүй баяр дөхөх тусам үнэ нэмэгдэх вий хэмээн “хаширлахдаа” 10 гаруй хоногийн өмнө бэлтгэлээ базааж яваа энэ байх.
Баярын бэлтгэл дан ганц тавагны идээ, ундаагаар үл тогтоно. Нэг ёсондоо сар шинийн баяраар идээ ундаа, дээл хувцсаас эхлүүлээд бэлдэх зүйл бишгүйдээ их. Хоёр жилийн турш сар шинийн баяраа ёслох төдий өнгөрсөн олон нийт энэ жил өргөн хүрээнд тэмдэглэхээр шийдсэн бололтой. Тэгвэл энэ жилийн хувьд иргэд сар шинийн гоёлдоо хэдэн төгрөг төсөвлөх шаардлагатай бол. Бид энэ талаар сурвалжилахаар зарим зах, худалдааны төвүүдэд саатав.
“Авъя” гэх үгийг амнаасаа унагах хүн ховор
Дүнжингарав худалдааны төвийн үүдээр орох төдийд сар шинийн бэлтгэлд багтах бүх төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгджээ. Тэр дундаа, үндэсний дээл, хувцсын худалдаа хэдийнэ эхэлж, өнгө, загвар, хийцээр нь зэрэгцүүлэн өлгөсөн дээлнүүд дээр баярын гоёогоо хайж яваа иргэдийн нүд унаастай. Худалдан авагчид тэр бүр “Авъя” гэх үгийг амнаас унагах нь ховор. Харин үнэ ханшийг нь судалж, сонголтоо хийхдээ их л нямбай хандаж буй гэмээр дүр зургийг ажиглаж болохоор.
Дээлний үнэ загвар, хийц, материалаасаа шалтгаалаад харилцан адилгүй худалдаалагддаг. Энэ нь ч угаас байдаг “дүрэм” гэж хэлж болно. Тэгвэл энэ жилийн хувьд хил хаалттайн улмаас зарим төрлийн материалын олдоц муу, үнэ өсөлттэй худалдаалагдаж байгаа аж. Үүнээс үүдэн үндэсний дээл хувцасны зах зээлд худалдаалагдах үнэд нөлөөлсөн талаар иргэд гэлтгүй худалдаачдын зүгээс хэлж байв.
“Сүүлийн гурав хоногт иргэдийн худалдан авалт эрс нэмэгдсэн”
Худалдагч н.Цэвэг “Гурван жилийн турш ашиг орлогоо алдсан шүү дээ. Энэ жил дахин хэцүү байдалд ормооргүй байна. Сар шинийн баяр дөхсөн учраас сүүлийн гурав хоногт иргэдийн худалдан нэмэгдсэн. Хөл хөдөлгөөн ч их байгаа. Гэхдээ ковид гараагүй үеийн худалдан авалтыг одоогийнхтой харьцуулвал хол зөрнө. Үнэ ханшийн хувьд их нэмэгдсэн зүйл байхгүй. Гэхдээ материалны олдоц муу, үнэ өндөр байгаагаас шалтгаалж зарим дээлнүүдийн үнийг нэмэхээс өөр аргагүй. Материал, оёдлын хөлсөө шингээх төдий л зарж байгаа. Ингэхээр зарим дээлний үнэ нэг нугалах тохиолдол ч байна. Аль эсвэл 5-15 мянган төгрөг нэмээд ч зарах тохиолдол байна шүү дээ. Гэхдээ иргэд баяраа өргөн тэмдэглэх бололтой” гэв.
“Хамгийн үнэтэй нь 390 мянган төгрөгийн эмэгтэй дан дээл”
“Ариг” fashion house салоны худалдагч Н.Лхагваням “Манайх дээлнүүдээ олон тоо ширхгээр нь оёдоггүй. УОК хуралдаж, сар шинийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэнэ гэх шийдвэр гаргахад иргэдийн хөл хөдөлгөөн тийм их байгаагүй. Харин өнгөрөгч амралтын өдрүүдээс хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад худалдан авалт муу байгаа. Гэхдээ зарим иргэд сар шинийн баяраа өргөн тэмдэглэхээр шийдсэн байна лээ.
Манайд худалдаалж буй дээлнүүдийн үнэ их нэмэгдээгүй. Хамгийн үнэтэй дээл нь 390 мянган төгрөгийн үнэтэй эмэгтэй дан дээл байна. Материал үнэд орсон нь үнэн. 5-10 мянган төгрөгийн хооронд байдаг дээлний дотор 20-40 мянган төгрөг болчихсон байхад үнэд нөлөөлөхөөс өөр сонголтгүй. Гэхдээ иргэд 400 мянган төгрөг дотор худалдаалагдаж буй дээлийг авчих хэмжээний байгаа нь харагдсан.
390 мянган төгрөгийн үнэтэй дээлнээс 11 ширхгийг 7-8 хоногт зарсан. Зарим өдөр хоосон, юу ч зарж чадахгүй байх тохиолдол байна шүү дээ. 2018 онд буюу ковид гараагүй байх үед өдөр бүр тогтмол зарах нормтой болчихсон байсан” гэлээ.
“Ашиг олохоосоо илүүтэй борлуулахаа л бодолцож үнэ ханшаа тогтоож байна”
“Уран хүлэг” салоны худалдагч Б.Үүрцайх “Иргэдийн худалдан авалт муу байна. Ковид иргэдийн эдийн засагт ч их нөлөөлсөн нь харагдаж байна. Материалын үнэ нэмэгдсэн хэдий ч тэр хэрээр үнээ нэмчихвэл худалдаж авах хүн олдохгүй. Тиймээс ашиг олохоосоо илүүтэй борлуулахаа л бодолцож үнэ ханшаа тогтоож байгаа. Ковидоос шалгаалж дотоодын үйлдвэрлэл зогсонги байдалд байсан шүү дээ. Материал нь, худалдан авагч ч ховор. Энэ жил нэмж дээл оёоогүй. Байгаагаа л зарах гээд сууж байна даа.
Материалаасаа илүү зардал нь өндөр болчихсон. Зардал өндөр учраас наашаа татаж чадахгүй нөхцөл байдалтай л байгаа. Тэр бүү хэл худалдан авалтын хувьд өнгөрсөн жилийнхээс муу байна. Өнгөрсөн жил ковидтой байсан хэдий ч орлоготой байсан учраас дээл гоёлоо худалдаж аваад байсан. Энэ жил иргэдийн орлого ч буурсан юм шиг байна.
Эрэгтэй цамцууд 85-195 мянга, хүүхдийн дээл, хантааж 65 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Эмэгтэй дээл 110-195 мянган төгрөгөөр худалдаалж байна. Үнээ ч нэмээгүй. Өмнө олж байсан ашгийнхаа талыг ч олох хэмжээний байдлаар бодолцож зарж байгаа гэсэн үг” гэсэн юм.
НАРАНТУУЛ: Дээл 150 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд үнэтэй байна
Дүнжингарав худалдааны төвтэй харьцуулахад “Ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусдыг олж авч чадна” хэмээн хошигнодог Нарантуул захад ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байв. Хүйтэн цементэн дээр олон цаг зогссоны дүнд хэдэн дээл зарчихлаа шүү хэмээн ярих худалдаачид ч их.
Дээлийн худалдаа эрхлэгч М.Эрдэнэбат “Дээлийн үнийн хувьд өмнө жилээс нэмэгдсэн. Гэхдээ тийм ч их биш. Ахмадуудынхаа цагаан сарын бэлтгэлийг хангах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн ойрын хэд хоногт нэмэгдэх хандлагатай байна” гэв.
Сонирхуулахад, хамгийн бага нь 150 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Хос торгон дээл 500 мянгаас дээш үнэтэй байгаа бол хөвөнтэй дээл 300 мянга орчим төгрөгийн үнэтэй. Харин хурган дээл 1-2 сая төгрөгийн үнэтэй байсан бөгөөд энгийн дан дээлүүд 150 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж.
ДҮНЖИНГАРАВ: Хамгийн хямд дээл 180 мянган төгрөгөөс эхэлж байна
Ихэнх лангуунд дан дээлнүүд худалдаалж байв. Хүүхдийн дээл наснаас шалтгаалан 50-200 мянган төгрөгийн хооронд байна. Эрэгтэй цамц 65-95 мянган төгрөг. Хантаазны хувьд эрэгтэй 130-180 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол эмэгтэй дан дээл хийц, загвараасаа шалтгаалаад 180-390 мянган төгрөг. Товчхондоо, хамгийн хямд, энгийн загвартай дээлний үнэ 180 мянган төгрөгөөс эхэлж байна. Эрэгтэй дээлний хувьд 150-350 мянган төгрөгийн үнэтэй.
ИВЭЭЛ бренд: Эмэгтэй дээл 85000-250000 төгрөгийн үнэтэй
Сүүлийн жилүүдэд олон нийт интернет сүлжээг ашиглан худалдан авалт хийх нь нэмэгдсэн. Хэрэглэгчид дундаа тодорхой хэмжээнд байр суурь эзэлсэн үйлдвэрлэгчид ч цөөнгүй. Үүний дунд монгол хэв загварыг шингээн хувцас урладаг хэд хэдэн үйлдвэрлэгч бий. Үүний төлөөлөл болгож Ивээл брендийн дэлгүүрт сар шинийн баярын гоёл болохуйц дээл, хувцас ямар ханштай байгааг энд дурдъя.
-Торгон оруулгатай цамц 48000-75000
-Эмэгтэй дээл 85000-250000
-Торгон хантааз /үслэг, торгон, энгийн/ 65000-115000
-Уламжлалт дээлэн загвар бүхий гадуур хувцас /пальто, тедди, дээл, куртик, нэхий/- 135000-215000