УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улсын Ерөнхийлөгч зөв хүмүүсээ оруулж ирсэн байна. 1924 онд лам нарыг гадуурхдаг байсан. Энэ байдал 1992 оны Үндсэн хуулиар засагдсан. Лам нар маань болон хошин шогийн жүжигчид их амжилттай явдаг. Сайн ч ажил хийдэг. Н.Ононгийн анкетийг харахад хуулийн боловсролтой юм байна. Украинд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийгээд явж байгаа. Н.Ононг сайн ажиллана гэж найдаж байна.
Нэр дэвшигч Н.Онон хар тамхи хэрэглэсэн жүжигчид, дуучдыг МҮОНРТ-ээр гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй" гэв.
МУГЖ Н.Онон "МҮОНРТ хуулийнхаа дагуу олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг учир мэдээж хар тамхитай тэмцэх талаар тодорхой арга хэмжээ авч, нэвтрүүлэг бэлдэх хэрэгтэй байх. Хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг телевизээр гаргахгүй байх талаар үнэндээ хариулж мэдэхгүй байна. Судалж мэдэх хэрэгтэй байх. Хар тамхи хэрэглээд шүүхийн хариуцлага хүлээсэн хүмүүс урлагийнхан дунд бий. Гэхдээ тэр хүмүүсийг гаргах эсэх талаар хэлж мэдэхгүй байна" гэлээ.