Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их шатрын хөлөг

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
13 минут 1 секунд

Их Британийн нэрт газарзүйч Сэр Халфорд Ж.Макиндер Евразийг дэлхийн геополитикийн түүхэн гол цэг гэж нэрлэсэн бүтээлээ 100 гаруй жилийн өмнө 1907 онд туурвиж, "цөм нутаг " хэмээх онолыг дэвшүүлжээ. Гол санаа нь Еврази хэмээх асар том нутагтай агуу тивийн цөм нутагт геополитикийн хяналтаа тогтоосон улс дэлхийд ноёрхлоо тогтоож чадна гэсэн утга бүхий юм. Үүнийг батлах гэсэн мэт дэлхийн Нэг, Хоёрдугаар дайн, Хүйтэн дайнууд энэ уудам орон зайд өрнөсөн. Бүгд Евразид ноёрхлоо тогтоох гэсэн улс гүрнүүдийн тэмцлийн ул мөр юм. “Цөм нутаг”-ийн онолоос хойш бараг зуу гаруй жилийн дараа АНУ-н ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан, Польш гаралтай Збигнев Бжезински 1997 онд нэгэн томоохон бүтээл туурвив. Тэр нь хүйтэн дайны дараах АНУ-ын гадаад бодлогын урт хугацааны стратегийг тодорхойлох зорилготой "Их шатрын хөлөг: Америкийн тэргүүлэх байр суурь ба түүний геостратегийн чухал шаардлагууд" хэмээх нэртэй. Олон улсын харилцаа судлаачид сайн мэдэх энэ номын гол агуулга нь Еврази ба геополитикийн ноёрхол юм. Бжезински үзэхдээ Еврази хэмээх өргөн уудам нутагт улс төр, эдийн засаг, цэргийн ноёрхлоо тогтоож чадсан тэр гүрэн дэлхийд тэргүүлэх байрыг эзэлнэ гэсэн санааг дэвшүүлжээ. Энэ бүтээл гарсан даруйдаа олон улсын харилцаа судлаачдын анхааралд өртөж, дэлхийн том гүрнүүдийн гадаад бодлого боловсруулагчдад магад их нөлөөлсөн гэж үздэг. Бжезинский онолын үндэс нь Евразид дөрвөн том салбарт ноёрхож чадсан улс дэлхийд агуу гүрэн болж чадна гэсэн санаа юм. Тэдгээр нь цэрэг, эдийн засаг, технологи, соёлын салбаруудыг хэлжээ.

No description available.

Хүйтэн дайны төгсгөлд ЗХУ задран унахад АНУ нэг туйлт тогтолцооны ноёрхогч болох нь уу гэсэн дүр зураг гарч ирсэн юм. Нэгэн үе үнэхээр ч тийм байсан. Оростой цөмийн цэнэгт хошууг нь цөөлж утсгах гэрээ байгуулж, НАТО-г улам идэвхжүүлж, гишүүдийнх нь тоог нэмэгдүүлж, Балтийн гурван улс, Польшийг эгнээндээ элсүүлж, эв нь таарвал Украйныг ч элсүүлдэгийн даваан дээр иржээ. Энэ зуур олон улсын харилцаанд хүчний харилцааг өөрчилсөн зүйлс өрнөв. Эхлээд эдийн засгийн хөгжлөөрөө 2000 оны эхэн үеэс дэлхийд шинэ гүрнүүд түрэн орж ирэв. Эдгээр нь Хятад, Орос, Бразил, Энэтхэг зэрэг улсууд байв. Тэднийг 2003 онд Америкийн томоохон санхүүгийн фирм болох Голдмэн Саксийн судлаачид БРИК гэж нэрлэв (сүүлд Өмнөд Африк нэмэгдсэнээр БРИКС болсон). 2010 онд өмнөд хөрш БНХАУ Японыг ардаа орхиж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болов. 2001 оны 9-р сарын 11-ний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жеорж Бушийн засаг захиргаа нийтдээ 20 гаруй жил үргэлжилсэн урт дайныг Афганистан, Иракт эхлүүлж, гурван ерөнхийлөгчийн засаг захиргааг дамнуулсан боловч Америк санасандаа хүрч чадалгүй гарч одсон юм. Босогчдын довтолгоонд хариугүй унахад хүрч байсан Ойрхи дорнодын Сири улс Оросоос цэрэг, агаарын довтолгооны тусламж авсаны ачаар бүс нутагтаа бэхжин үлдэв. Обамагийн засаг захиргаа гадаад бодлогын хувьд аядуу, хэт сул гэмээр бодлого явуулав. Хрушевийн үед Украйнд өгсөн байсан Крымыг ОХУ цэргийн хүчээр 2014 онд эзлэн авлаа. Хоёр дайны голомтоос гарч чадаагүй байсан их гүрэн АНУ яаж ч чадсангүй. Эдийн засгийн хориг тавьж, рублийн ханшийг унагахад хүргэсэн ч ОХУ нэг их хотойсонгүй. ОХУ энэ зуур Хятадтай гадаад харилцаа, эдийн засгийн эрчимтэй харилцаа өрнүүлж, Хятадын төрийн банктай бие даасан банкны төлбөрийн систем ашиглах гэрээ хийж чадсан юм. АНУ-н тавьсан хоригоос үл шалтгаалаад ОХУ эдийн засгийн хүнд байдлыг давж чадахаар улс орноо бэлдсэн гэж зарим судлаачид тооцож байна. Трампийн засагллын үед“зөвхөн Америк” гэсэн протекцианист, хаалттай төлөвтэй бодлого явуулав. Түүний сонгогдсон ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын нууц албад цахим довтолгоо хийж нөлөөлсөн гэж тэдний нууц байгууллагууд хөлбөршгүй үздэг. Америкийн одоогийн ерөнхийлөгч Байден хатуу хандлага харуулж буй ч Орос, Хятадын алийг нь ч тогтоон барьж чадахгүй дүр зураг үүсчээ. Өөрөөр хэлбэл эдүүгээ ОХУ, Хятад зэрэг улсууд Евразийн “цөм нутаг”-т хамаагүй илүү нөлөөтэй болсон харагдаж байна. ОХУ өдгөө Украйны хил дээр 100,000 мянга орчим цэргийн хүчээ бөөгнөрүүлээд байна. Зарим ажиглагчдын үзэж буйгаар хэрэв АНУ тэдний тавьсан хатуу нөхцөлтэй саналыг хүлээж авахгүй бол (Европийн аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр буулт хийхгүй гэдгээ нөгөө тал хэлсэн) энэ нэгдүгээр сарын сүүл гэхэд Украйн уруу дотволно гэсэн айдас байна. Казакстанд болж буй үймээний үеэр ОХУ өөрийн байгуулсан цэргийн эвслээр дамжуулан цэргүүдээ торох юмгүй оруулж ирэв. Энэ бол зүгээр л нэг нь асуухаар нь оруулаад ирчихдэггүй, хууль эрх зүй, ложистикийн хувьд аль эртнээс бэлдсэн зүйл юм. Казакстаний хүн амын 20 гаруй хувийг Орос иргэд эзэлдэг. Тус улсад Оросын сансарын эрэл хайгуул, хөгжлийн гол түшиц болсон, огторгуйд пуужингаа хөөргөдөг Байканур сансарын хотхон байрлана. Нөгөө талд нь АНУ-н нефьт импортлогч томоохон компаниуд олон тэрбумын долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Их гүрнүүдийн тэмцлийн шинэ талбар Монголын баруун хил хязгаарт тулж ирээ юу гэлтэй.

No description available.

Өнгөрсөн 20 гаруй жилд өрнөсөн түүхэн үйл явдлууд нь Евразид нэг дан улс буюу нэг туйлт тогтолцоо ноёрхох боломжгүй гэдгийг харуулжээ. БРИКС-т багтаж буй хүчирхэг улсуудын гурав нь энэ бүс нутгийнх. БНХАУ, ОХУ, Энэтхэг, мөн сүүлийн үед Турк зэрэг улс орнууд Евразид идэвхтэй гадаад харилцаа явуулж байна. Ази, Европийн залгаас дээр оршдогийн хувьд Турк улс 2010 оноос өөрсдийгөө дэлхийн “Төвийн улс” хэмээх үзэл баримтлал гаргаж, олон улсын харилцаанд идэвхтэй ажиллах болжээ. Ерөнхийлөгч Путин дэлхийд нэг туйлт биш олон туйлт тогтолцоо байх ёстой гэдгийг 2007 оны үеэс идэвхтэй ярьж, зарладаг болсон. ОХУ, БНХАУ зэрэг улсуудаас дэлхийд олон туйлт тогтолцоо бий болгохыг зорьж ирсэний нэг том илэрхийлэл нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) юм. 2000-аад оны эхэн үеэс ОХУ, БНХАУ ШХАБ-н хүрээнд аюулгүй байдлын салбарт идэвхтэй хамтын ажиллагаагаа өрнүүлж, түүндээ Энэтхэг, Пакистан, Казакстан зэрэг улсуудыг гишүүнээр элсүүлсэн. Иран хүлээгдэж байна. ШХАБ нь Евразийн бүх томоохон улсуудыг нэг дээвэр дор нэгтгэдэгээс гадна олон туйлт дэлхийн дэг журмыг байнга уриалдаг. Олон туйлт үзэл баримтлалыг хамгийн ил тод илэрхийлэгчдийн нэг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2007 оны Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр АНУ-ыг нэг туйлт бодлого хэрэгжүүлдэг хэмээн хатуу шүүмжилсэн илтгэл тавьж байв. Евразийн гүрнүүд цаашид олон туйлт ертөнцийг хүчтэй эрэлхийлж буй нь 2009 оны 6-р сард ОХУ-ын Екатеринбург хотод болсон ШХАБ болон БРИК-ийн улсуудын дээд хэмжээний уулзалтаас харагджээ. ШХАБ болон БРИК-ийн хоорондын холбоо улам чангарч, дэлхийн улс төр, эдийн засагт Евроазийн улс орнуудын нөлөө улам бүр нэмэгдэж ирсэний илрэл болж байв.

No description available.

Их шатрын хөлөг дээр Монгол Улс цаашид ямар өрөг хийх нь Монгол Улсын төвийг сахисан бодлого, төрийн бодлогын залгамж халаа, гадаад харилцааны салбарт мэргэшсэн, чадалтай хүмүүсийг хэр урт удаан хугацаанд тогтвортой ажиллуулах зэргээс шалтгаална хэмээн харж байна.

Сүүлийн үед мэдээлэл харилцаа, сошиал мэдээ хөгжсөний дүнд мэдээллийн урсгалууд хаа сайгүй урсдаг болж, тэр бүрийг жирийн иргэн бүр харж үзэх боломжтой болсон нь сайн хэрэг. Гэхдээ мэдээллийн үнэн бодит байдал, ойлголтын зөрүүгээс болж олон санал, сэтгэгдлүүд гарна. “ШХАБ-д орох уу болихуу”, “Хазарачуудыг Монголд авч ирье”, “Казакстаны хэрэг явдал Монголд хамаагүй” гэх мэтээр мэтгэлцнэ. Харж үзсэн зүйлээрээ үнэлэлт дүгнэлтээ хийдэг хандлагыг саяхан Америкийн нэгэн сэтгүүлч “улс төрийн хоббизм” гэж нэрлэжээ. Улс төрийн хоббизмийн нэг дутагдалтай тал нь иргэд тэр өдрийн, тэр долоо хоногийн уншсан, сонссон зүйлс дээрээ дүгнэлт хийж бичнэ. Хоорондоо маргана. Нэгнээ мяална. Харин олон улсын гадаад харилцаа, үйл ажиллагаа нь асар том бодлого, стратегийн үндсэн дээр явагддаг. Тэр бодлого, стратеги тодорхойлолт нь онол, практикийн мэдлэг дээр суурилдаг. Өвгөн судлаач Збигнев Бжезинскийн “их шатрын хөлөг”-ийн онол нэг жишээ нь юм.

Монгол Улсад дэлхийн халуун цэг дээр болж байгаа үйл явдлыг газар дээр нь очиж судлан, юмыг олон талаас нь, түүхэн хүрээнд мэдээлж хүргэдэг мэдээллийн эх сурвалжууд байхгүй байна. Ихэнх үнэлэлт дүгнэлтийг гадны байр суур, цөөн тоймчийн амнаас сонсож, дүгнэдэг. Монгол нь өөрөө нэгэн цагт тэр “цөм нутаг” гээд байгаа Евразийн супер тив дээр дангаараа ноёрхож байсан их гүрэн байсан нь маргаангүй үнэн. Эдүгээ хэдий жижиг улс ч дэлхийн хэрэг явдлын талаар өөрийн эх сурвалжаас мэдээлэл олж авдаг байх нь иргэдийн мэдлэг, боловсрол, олон улсын талаархи ойлголтыг зөв, өрнүүн, ажил хэрэгч байлгахад тустай. Тиймгүйгээр гадна, дотоодын мэдээллийн нөлөөнд автахгүй гэх баталгаагүй. Угаасаа дэлхийн томоохон гүрний төрийн тэргүүн нар хэвлэл, мэдээллийн байгууллагуудынхаа олж авсан мэдээллийг бодлого боловсруулахдаа ихэд ашигладаг туршлагатай. Саяхан МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн харъяанд аваачив. Олон жилийн түүхтэй энэ байгууллага цаашид шинэ шатанд гарч, олон улсын хэрэг явдлыг халуун цэгээс нь мэдээлж, эх орондоо дэлхийн мэдээг шууд эх сурвалжаас нь бэлтгэдэг болоосой гэж хүснэ. “Их шатрын хөлөг” дээр гол тоглолтуудыг хийж буй томоохон улсуудтай бараг бүгдээрэнтэй нь хоёр талт хамтын ажиллагааны хамгийн дээд түвшинд хүрсэн Монгол улсын аюулгүй байдлыг хангахад зөв мэдээлэл, харилцаа холбоо их чухал даа.

Нийтлэлч: Д.Гэрэлтөв
2022.01.13

АТГ-ын саналын дагуу УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулжээ
АТГ-ын саналын дагуу УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулжээ
 
Өрхийн дундаж орлого 2.6 сая төгрөг байна
Өрхийн дундаж орлого 2.6 сая төгрөг байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.