Манай улсад омикрон хувилбарын тохиолдол албан ёсоор батлагдаад буй. Ингэхдээ УОК, ЗГ-аас хөл хорио тогтоох бодлогыг баримтлахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл омикрон хувилбарын нөхцөл байдалд хэрхэн анхаарах ёстой талаар ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр "Халдварлалт өндөр гэдэг нь олон хүн өвчилнө гэсэн үг. Олон хүн өвчилсөн тохиолдолд хүндрэл бага байгаа хэдий ч эрсдэлт бүлгийн ард иргэд өртвөл хүнд болон нэн хүнд хэлбэрээр өвчлөх боломжтой гэж үзнэ. Гэхдээ хувилбар нь өөрөө амьсгалын дээд замд үржиж байгаа учраас тэр бүр уушгийг гэмтээх нь бага байна. Хамгаалах арга зам нь тодорхой учраас эрсдэлт бүлгийн хүн амаа халдварт өртөж хүндрэхээс л сэргийлэхэд болно гэсэн үг.
Цагаан сарын дараа хичээл, сургуулиа хэвийн үргэлжлүүлж, бизнесээ хэвийн явуулж эдийн засгаа аврах эсэх сонголт иргэн бүрийн гарт байна. Цагаан сар хийж байна гээд бүгд контактад орж, өвдөж, хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд хүргэхгүйн тулд иргэд дор бүрнээ хариуцлагатай байж хичээх хэрэгтэй" гэжээ.