Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 589 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 479 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 7 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж нэг хүний амь хохирсон байна.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүний амь хохирсон байна.
- Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж нэг хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэний хоёр хүүхэд нь байна.
- Автомашины дугуй хагарч зогсоох арга хэмжээ авах үед зорчигч гэмтсэн нэг осол бүртгэгдэж нэг хүн гэмтсэн нь /6 сартай нярай/ байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 119, орон нутагт 76 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 16 хувиар өссөн байна.
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА