Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэлтийг бүртгэх “Онлайн бизнес төв”-д өнгөрсөн өдрүүдэд худалдааны чиглэлд 91, хоол үйлдвэрлэлд 22 тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлжээ.
Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгч ААН болон төрийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүх төрлийн бизнесийг дэмжих, орчныг сайжруулах, мэдээ мэдээллийг нэгдсэн нэг эх үүсвэрээр дамжуулан хүргэх, хамтран ажиллах зорилгоор “Онлайн бизнес төв”-ийг энэ сарын 3-наас ажилуулж эхэлсэн юм. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй 9 ангиллын 74 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээний бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган “Онлайн бизнес төв”-ийн “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм. Дээрх системд энэ сарын 6-ны байдлаар буюу 4 хоногт 6000 гаруй иргэн, ААН, байгууллага хандан, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авчээ. Үүнээс 162 гаруй хүсэлт ирүүлж, бүртгэсэн байна. Бүртгүүлсэн иргэн, ААН-үүдээс:
- худалдааны чиглэлээр 91,
- хоол үйлдвэрлэлд 22 ,
- ахуй үйлчилгээнд 15,
- авто үйлчилгээнд 14,
- зочлох үйлчилгээгээр 2,
- соёл урлагийн чиглэлээр 4,
- үйлдвэрлэлийн чиглэлээр 7,
- тоглоомын чиглэлээр 6 хүсэлт ирүүлжээ.