Дисней пласын “Snowdrop” болон Netflix-ийн “Hellbound” зэрэг кинонд тоглосон Өмнөд Солонгосын жүжигчин Ким Ми Сү 29 насандаа таалал төгсчээ.
Телевизийн шинэ од, загвар өмсөгчийг нас барсан тухай түүний агентлаг Ландшафт энтертайнмент мэдэгдсэн байна. Мэдэгдэлд "Бид туйлын эмгэнэлтэй, гунигтай мэдээг хуваалцах хэрэгтэй байна. Жүжигчин Ким Ми Сү нэгдүгээр сарын 5-нд биднийг гэнэт орхин одсон" гэж бичжээ. Мэдэгдэлд худал мэдээлэл, цуурхал тараахгүй байхыг хүсэн үхлийн шалтгааныг мэдэгдээгүй байна.
Мөн “Оршуулах ёслолыг гэр бүлийнх нь хүсэлтийн дагуу нууцаар хийнэ. Талийгаач жүжигчнийг амар амгалан нойрсуулахын төлөө түүнийг дэмжигч хүн бүхэн залбирна гэдэгт бид найдаж байна. Бид талийгаач Кимд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэж бичжээ.
Эх сурвалж: CNN