“Эрдэнэс таван толгой” ХК-д өнгөрсөн жил нууцын зэрэглэлтэй томоохон шалгалт орсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, АТГ, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, хил гааль, мэргэжлийн хяналт зэрэг хууль хүчний байгууллагууд болон хяналт шалгалтын байгууллагуудын хамтарсан шалгалтын хэсэг тус компанид ажилласан байна. Харин уг шалгалт орсон даруйдаа шалгалтын дүнгээ нууцалсан гэх мэдээлэл байгаа юм. Чухам ямар зорилготой шалгалт орсон, яагаад шалгалтын дүнгээ нууцалсан нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч ноцтой зөрчлүүд илэрсэн байж болзошгүй аж.
“Эрдэнэс таван толгой” ХК-д орсон шалгалтын гол зорилго нь тус компанийн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, санхүүгийн тайлан байхаас гадна төмөр замтай холбоотой хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлыг голлон шалгасан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, шалгалтын дүнг нууцлах болсон гол шалтгаануудын нэг нь төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой байж болох талтай аж.
Тиймээс хууль, хяналтын байгууллагаас томоохон ажлын хэсэг гарч хийсэн уг шалгалтын дүнг нийтэд ил зарлах шаардлагатай байна. Гэхдээ эх сурвалжууд хэрвээ шалгалтын дүнг нийтэд ил гарвал асуудал дагуулж болзошгүй гэдгийг онцолж байгаа ч тас нууцлана гэдэг нь өөрөө хардлага дагуулж эхлээд байна. Ер энэ зэргийг томоохон шалгалтын ажлыг зохион байгуулчихаад ингэж үр дүнг нь таг нууцалж байсан түүх байхгүй.