УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гарган үг хэллээ.
Тэрбээр "Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад нийгмийн даатгалын багц хуулиуд орж ирсэн. Энэ хуулиуд дээр ажлын хэсэг гарган ажиллах шийдвэрийг МАН-ын бүлэг гаргасан байна. Ингэснээр энэ хууль хаврын чуулган руу шилжих, цаашлаад хэзээ хэлэлцэх нь мэдэгдэхгүй хойш татагдах нөхцөл байдалд хүрч байна. Тийм учраас миний өргөн барьсан тэтгэврийн жилийг долоо биш таван жилээр тооцох хуулийн төсөл нийгмийн даатгалын багц хуулиудтай хамтатган хэлэлцэх шийдэлд хүрсэн.
Засгийн газраас өргөн барьсан багц хуулиуд хойш татагдаж байгаа учраас ахмадуудын тэтгэврийг арай илүү өндөр тогтоох боломжийг хангах үүднээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бейсен, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, П.Анужин, Б.Баттөмөр нарын өргөн барьсан хуулийн төслийг ирэх долоо хоногоос хоёр дахь хэлэлцүүлэгт оруулж өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байна. Амьд бурхад болсон ахмадууддаа ковидын хүнд нөхцөлд амьдрал ахуй нь хэцүү байгаа энэ үед дэмжиж энэ хуулийг хэлэлцэж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна" гэв.