Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгөв. Тэрбээр "ДЭМБ Омикрон хувилбарыг бүртгэж авснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Одоогоор 138 улсад бүртгэгдээд байгаа. Өдөрт 10-400 мянган тохиолдол бүртгэгдэж байна. Толгой өвдөх, үе мөч, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч байгаа. Томуутай маш адилхан шинж тэмдгүүд илэрч байна.
Он гарсаар халдварын тоо ихэсч байна. Энэ нь шинэ жилийн баяртай холбоотой. Өнөөдрийн байдлаар 2279 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Бид хилийн тандалтуудыг нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн сарын 27-ноос өнөөдрийг хүртэл 104 онгоц ирснээс 10 мянга гаруй хүн ирсэн. Үүнээс 410 тохиолдол зөөвөрлөгдсөн. Үүний 244 нь энхийг сахиулагчид байсан.
Олон нийт манай улсад Омикрон хувилбар бүртгэгдсэн үү хэмээн их асууж байна. Омикрон илрүүлэх аппарат бий. Шинжилгээнүүдийг хийнэ. Энхийг сахиулагч албан хаагчид болон гаднаас ирж буй иргэдээс шинжилгээ авсан. Хариу нь гараагүй. Удахгүй гарах байх. Япон руу мөн шинжилгээний дээжээ илгээсэн. Японоор баталгаажуулна. Энэ сарын сүүлээр хариу нь ирэх байх. Өмнө нь альфа болон дельта хувилбарыг илрүүлэхэд Япон руу сорьж явуулж шинжлүүлж байсан. Энэ удаад ч мөн омикрон хувилбар мөн эсэхийг тодруулахаар 100 сорьцыг явуулсан.
Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдаж байгаа. Дөрөвдүгээр тунд мөн вакцины судалгаа хийж байна. Судалгаагаар 2,3 сарын дараа үйлчлэл нь буурч байна. Тиймээс гуравдугаар тунгаа хийлгээд гурван сар болсон иргэд дөрөвдүгээр тундаа сайн дураараа хамрагдах боломжтой.
Нэгдүгээр сарын сүүлээр томуугийн вирусийн идэвхжил нэмэгддэг. Хүүхдийн орны дүүргэлт 70 гаруй хувьтай байгаа учир иргэд дархлаагаа дэмжиж, амны хаалтаа сайтар зүүх хэрэгтэй. Омикрон хувилбар маш хурдан тархаж байгаа учир манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал. Вакцины нөөц бол хангалттай бий. Вакцины хугацаа дуусах болоогүй. Манай улсад байгаа вакцинуудын хугацаа ирэх зургаадугаар сарын 30-нд дуусна. Ном журмын дагуу хадгалагдаж байгаа.
Одоогоор хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. Аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж ажиллана" гэлээ.