Оксфорд-АстраЗенека вакциныг бүтээлцсэн тэргүүлэгч мэргэжилтэн дэлхийн бүх хүмүүст жил бүр 2-3 удаагийн вакцин тарих боломжгүй гэжээ.
Оксфордын вакцины группын захирал, Их Британийн Вакцинжуулалт, Дархлаажуулалтын Хорооны тэргүүн профессор Эндрю Поллард "Бид дэлхийн нийт хүн амыг 4-6 сар тутамд вакцинжуулах боломжгүй" гэж The Daily Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр мөн 12 ба түүнээс дээш насны бүх хүнийг вакцинжуулахын оронд зөвхөн эмзэг бүлгийнхнийг вакцинжуулах шаардлагатайг онцлон хэлсэн байна.
Эндрю Поллард "Эмзэг бүлгийн хүмүүст нэмэлт тун хэрэглэх шаардлагатай эсэх, хэзээ, ямар давтамжтай болохыг тогтоохын тулд нэмэлт мэдээлэл шаардлагатай. Өнөөдөр дэлхийн буурай орнуудын иргэдийн 10 хүрэхгүй хувь нь анхны тунгаа тариулсан байтал дэлхий даяар дөрөв дэх тунгийн талаар ярьж байгаа нь утгагүй үйлдэл юм" гэжээ.
Эх сурвалж: CNN