Ардчилсан намд үүсээд буй асуудлаар АН-ын гишүүн М.Тулгаттай ярилцлаа.
-Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэхээс татгалзлаа. Ингэснээрээ та намын дарга болж буй хэрэг гэж үзэж байна уу?
-Улсын дээд шүүх рүү хоёр талаас материал очиж байсан. Нэг талыг нь бүртгэлгүй татгалзлаа. Өмнө нь хоёр талаас ирж байгаа асуудлаа шийд гэсэн хариу өгдөг байсан бол энэ удаад нөгөө талыг бүртгэхээс татгалзахад намайг О.Цогтгэрэлтэй тохиролцсон мэтээр янз бүрийн яриа гаргаж байна. Үндсэндээ нэг талын материал үлдсэн гэсэн үг.
-С.Эрдэнэ өөрийгөө намын дарга хэмээн зарлаж, таны нэрийг УДШ-ээс татсан. Үүний хариуд таны үзүүлэх хариу үйлдэл юу байх вэ?
-Өнөөдөр миний бие УДШ-эд АН-ын шинэ даргыг бүртгэх бүртгэлийг татан авсантай холбоотойгоор өмнөх намын дарга С.Эрдэнийг намын Үндсэн дүрмийн хороонд хандан дээрх үйлдлийг дүрэм зөрчиж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулах хүсэлтээ өгч байна.
-Ардчилсан нам хоёр хуваагдаад байсан. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд гурав хуваагдсан мэт нийгэмд ойлгогдохуйц үйл явдал өрнөөд эхэллээ. М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хүмүүс эв зүйгээ ололцов уу гэтэл С.Эрдэнэ өөрийгөө намын дарга хэмээн зарлаж байна. Таны бодлоор яг өнөөгийн нөхцөлд АН хэдэн хэсэг болон хуваагдаад байна вэ?
-Бид өөрсдийгөө хуулийн ёсны нам гэж үздэг. Хууль ёсны Ардчилсан нам энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд намайг намын даргаар их хурлын төлөөлөгчид баталсан. Энэ өдрөөс эхлэн намын даргын эрх үүрэг хэрэгжиж эхлэх ёстой болж байгаа юм. Хууль ёсны гэдгийг нь батлах зүйл гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд манай талаас нэр дэвшсэн. Мөн төрийн байгууллагууд манай талын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай харьцаж байгаа. Тиймээс албан ёсны харилцаанууд манай тал дээр явж байгаа. Би анх АН-ын даргын сунгаанд оролцохдоо аль ном журмын дагуу явж байгаа талд нь оролцож ялсан.
-Та өөрийгөө албан ёсны намын дарга гэж үзэж байгаа бол өдий болтол үүнийгээ батлах ямар үйлдэл үзүүлсэн бэ?
-Би Улсын дээд шүүхээр өөрийгөө намын дарга хэмээн албан ёсоор бүртгүүлэх хүртлээ тамга тэмдэг булаацалдаад байхаас хойш суусан. Тухайн үед ч нам маань хоёр хуваагдсан асуудалтай байхад нь нэмж асуудал гаргахыг хүсээгүй.
-Ардчилсан намын эв нэгдлийн их хурал арваннэгдүгээр сарын 5-нд зохион байгуулагдсан. Хурлын тов зарлах мөчид та болон О.Цогтгэрэл талын гишүүд их хуралд хамтдаа оролцон намын даргаа батламжилна хэмээн мэдээлж байснаа таны зүгээс хуралд оролцоогүй. Энэ ямар шалтгаантай байсан бэ?
-Тэр үед эв нэгдлийн их хурал хийнэ гэж зарлан тал талаасаа тохиролцсон ч бэлтгэл ажил хараахан хангагдаагүй байсан. Би нөгөө талд хэлээд нэг сарын хугацаагаар хойшлуулъя гэсэн боловч нөгөө тал хүлээлгүй хийчихсэн. Намын цаашдын зарчим, дүрмээ тохирч байгаад арванхоёрдугаар сарын 6-нд хийх санал тавьсан ч нөгөө тал хүлээж авалгүй онц их хурлаа зохион байгуулсан.
-Таны зүгээс УИХ дахь АН-ын бүлэгтэй хэр ойр ажиллаж байна вэ?
-Бүлгийн дарга Д.Ганбаттай их ойр ажиллаж байгаа. Намын журмын нөхөд маань бүлэгт ажиллаж байна. Бүлгийн ажлын албаны дарга Д.Амарбаясгалантай хэзээнээс л холбоотой ажилласаар ирсэн. Товчхондоо УИХ дахь АН-ын бүлэгтэйгээ маш ойр хамтарч ажиллаж байгаа.
-Хотын дарга асан Э.Бат-Үүл "Намаа нэгтгээрэй" хэмээх чухал захиасыг та бүхэнд үлдээсэн. Энэ үг танд хэр хүчтэй нөлөөлсөн бэ?
-Э.Бат-Үүл дарга Монголын ардчилалд аюул тулгарсныг мэдрэн үүнийг маш яаралтай засах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа хүн. Өнөөдөр ардчиллын лидерүүдийг улс төрийн захиалгатай байдлаар шоронд хорьж байгаа ардчилал ямар байгааг харуулж буй илэрхийлэл гэж би харж байгаа. Мань хүн өөрийн асуудалд санаа зовохоос илүүтэйгээр ардчилал аюулд ороод байгааг мэдэгдэж, шүүх эрх баригчдын гар хөл болсныг бидэнд мэдэгдсэн гэж ойлгож байна. Монголд нэг нам дангаар ноёрхвол дарамт шахалт тасрахгүй үргэлжлэх шинжтэй байна.
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын онц их хурлын дараагаас мэдэгдэл хийн таныг намын дэд даргаар урьж байсан. Үүний адилаар бүх бичиг баримт, тамга тэмдэг цэгцрэн та төрийн бүхий л шатны байгууллагуудын өмнө албан ёсоор АН намын дарга болон батламжлагдвал О.Цогтгэрэл талын намын нөхдөө намдаа урих уу?
-Урих юмсан гэж бодож байгаа. Бид багаараа ажиллах хэрэгтэй. Миний бодлоор нийгэмд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа, үгээ хэлж байгаа хүмүүсээ аль болон намын үйл ажиллагаандаа татан оролцуулах хэрэгтэй. Хамгийн гол нь АН-ын уг үзэл баримтлалд нийцсэн улс төр хийх ёстой. Би урихдаа дуртай байх болно.
-Ярилцсанд баярлалаа.