Ирэх долоо хоногийн даваа гарагт улсын дээд шүүх АН-ын даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана. АН-ын 330 сум, 9 дүүрэг 21 аймаг нийслэл гээд бүх салбар байгууллагууд нь тамга тэмдэгээ дарж О.Цогтгэрэлийг даргаар сонгосон баримт бичгээ хүргүүлж өгсөн. Ингэхдээ улсын дээд шүүхэд одоо бүртгэлтэй байгаа дүрмийн дагуу бүх материалаа бүрдүүлж өгсөн гэдгийг онцолж байгаа. Хуулийн дагуу хүчин төгөлдөр дүрэм журмынхаа хүрээнд АН хуралдаж даргаа сонгосон бол одоогийн дарга гэгдэх С.Эрдэнэ хуралдаа оролцсон оролцоогүй нь хамаагүй О.Цогтгэрэл баталгаажаад явах ёстой. Гэтэл АН-ын даргыг батламжлах асуудал дахин гацаанд орж болзошгүй гэсэн мэдээлэл байна.
Өнгөн талдаа АН-ынхан хоёр хуваагдаж тамга тэмдэгний хэрүүл хийгээд байгаа мэт боловч мөн чанартаа С.Эрдэнээгийн хувийн тоглолт, МАН-ын удирдлагуудтай хийсэн тохирооны хохирогч АН болоод байгаа нь нууц биш. С.Эрдэнээгийн ачаар МАН Х.Баттулгыг тайзнаас шахаж, Ерөнхийлөгчийн сонгуульд төвөггүй ялалт байгуулсан. Тэр ч бүү хэл С.Эрдэнээд үүссэн эрүүгийн хэргүүд шалгагдах шатандаа сураг алдарч хэл чимээгүй алга болсон зэрэг үйл явдлын уялдаа холбоо, учир зангилаанаас тэдний тохироо хэнд ч ойлгомжтой харагдана. Зарим хэвлэлээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн найруулга, Солонгосын Пи-Арын компаний зөвлөмжийн дагуу энэ бүх үйл явдал өрнөсөн тухай баримтууд ч гарч ирсэн. Товчхондоо С.Эрдэнэ АН-аар наймалцаж болох бүх зүйлийг наймаалцсан , хувь улс төрчийнхөө хувьд асар их хожсон. Түүн шиг бүхэл бүтэн “нам зарсан” хүн дахин тодрох нь юу л бол. Нэгэнт С.Эрдэнээ ч, МАН ч хэргээ бүтээсэн тул одоо АН-ыг тайван орхих байх гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байгаа. Гэтэл тэгэхгүй бололтой. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ бүхнийг найруулсан найруулагч киноныхоо бүлэг ангийг нэмсээр 2024 оны сонгуульд дахин ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Хэрвээ О.Цогтгэрэлийг батламжилбал АН-ын эрх мэдэл увсын фракцынхны гарт орж 2024 оны сонгуулийн Ерөнхий менежерээр Н.Алтанхуяг ажиллана. АН-д цорын гац дөрөв дараалсан ялалтыг авчирсан түүн шиг сайн менежертэй тулах сонирхол МАН-ын ерөнхий найруулагчид байхгүй. Тийм болохоор С.Эрдэнээтэй хийсэн үерхлийн гэрээгээ 2024 он хүртэл сунгах сонирхол байгаа гэж саарал ордны тамхины цэг дээр ярих боллоо.
Тэгвэл нэг хэсэг нь АН-ыг хувааж тоглосон тоглолтоо одоо зогсоох ёстой гэж намын удирдлагууддаа сануулах болсон гэнэ. Аливаа юм хэмжээ хязгаартай байх хэрэгтэй, тоглоом тоотой нь дээр. АН-ыг энэ чигээр нь хорлосоор байвал бүр мөсөн дампуурна. Ингэвэл Монголын ардчилалд асар хортой тусч нэг нам тойрсон жижиг хамжлага намуудтай Орос маягийн дэглэм тогтох аюултай гэж үзэх хүмүүс олон байгаа гэнэ. Ийм бодолтой хүмүүсийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж тэргүүлж намын удирдлагууддаа үгээ дайх болсон гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үүнтэй санал нэг байгаа гэв. Хэрвээ байдал буруугаар эргэвэл жоомоо алах гээд гэрээ шатаахын үлгэр болж дуусах вий гэсэн болгоомжлол МАН дотор газар авч байгаа ажээ. Ийнхүү АН-ын даргыг батламжлах асуудлаар МАН-ынхан хоёр өөр байр суурьтай болжээ. Чухам хэнийх нь байр суурь биеллээ олохыг ирэх долоо хоногт болох улсын дээд шүүхийн хуралдаанаас харах л үлдлээ.