Өнөөдөр Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" ОУНБ-д газардлаа. Нислэгээр 43 цэргийн албан хаагч ирлээ.
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллав.
Цэргийн албан хаагчдыг 21 хоног тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.
Катар Улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 цэргийн алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана.
Монгол Улс, Катар Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Катар улсад сургалтад хамрагдаж байсан монголын 43 цэргийн алба хаагчийг тус улсад коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас Катарын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор өнөөдөр эх оронд нь хүргэж ирлээ.
Тус нислэгийн зардлыг Катар Улсаас гаргаж байгаа юм. Тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх онгоц буудалд 10:20 цагт газардсан бөгөөд 13:00-14:00 цагийн хооронд буцаж ниснэ. Энэ хугацаанд нисэх багийн бүрэлдэхүүн онгоцноос буухгүй юм.