Замын-Үүд-Эрээний авто замын хилийн боомтыг дахин хаасан гэх мэдээлэл гараад буй. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийлээ. Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 08-ны өдөр би Замын-Үүд боомтод 20 хоногийн бэлтгэл хэр хангагдсан эсэхийг шалгахаар ажилласан. Маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 09-ны өдөр мэдээлэл хийхдээ 10-наас хил нээгдэнэ гэж хэлсэн. Арванхоёрдугаар сарын 10-наас тээврийн хэрэгслүүдийг Эрээн талаас дундын цэгт байршуулсан. Амралтын өдрүүдэд Монголын тал дундын цэг дээр очсон 50 гаруй автомашиныг гаргаж, хил нэвтрүүлсэн. Энэ нь хил нээгдсэний нотолгоо мөн.
Эрээний талаас бага зэрэг хүндрэлүүд гарсан. Тодруулбал, хил хаагдахаас өмнө Эрээнд очиж гацсан ачаатай 130, ачаагүй 20, импортын тээврийн хэрэгслүүд, уул уурхайн машин механизм гэх мэт 192 автомашин байгаа. Эдгээрийг эхнээс нь хил нэвтрүүлж байгаа процесс. Зарим авто машинууд асахгүй байх ч тохиолдол гарсан. Эрээний гаалийн бүрдүүлэлт, автомашины бодит хэмжээ, жинтэй зөрсөн асуудлууд их гарсан. Гаалийн бүрдүүлэлт зөрж байгаа учраас эхний ээлжинд гарах боломжгүй болж байгаа юм. Иймд хил нээснээс хойш гурав хоногийн хугацаанд Эрээн талд үнэлгээ хийгдсэн. БНХАУ-ын цар тахлын үеийн баримтлах дүрэм, журмын хүрээнд 0 цэг дээр Монгол жолооч нар орсон учраас үүнийг халдвартай бүс гэж үзэж байгаа. Тэгэхээр халдвартай бүсэд үнэлэлт, ариутгал халдваргүйжүүлэлт зэргийн үнэлгээнүүд хийгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд Эрээн талын үнэлгээний ажлууд хийгдэж байгаа. Энэ нь олон нийтийн ойлгож байгаа шиг Эрээн хилээ дахин хаасан ойлголт биш. Харин бараа бүтээгдэхүүнээ оруулах, эргэлтийг нэмэгдүүлэх үе шаттай ажлуудын нэг хэсэг.
Надад Эрээний хил нээгдсэн байх чухал. Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Эрээний хил үе шаттайгаар нээнэ гэж мэдээлсэн. Хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүний урт хугацааны тогтвортой эргэлтэд орж байх чухал. Эрээн хилээ тодорхойгүй хугацаагаар хааж байгаа явдал биш. Харин үе шаттай ажлын процесс явагдаж байгаа гэсэн үг" гэлээ