Санхүү, эдийн засгийн тэргүүлэх мэдээллийн хэрэгсэл "Файнансиал Таймс" сэтгүүлд "Рио Тинто” компани Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх санал гаргасныг энэ сарын 13-ны өдөр онцлон мэдээлжээ.
Тус мэдээлэлд "Рио Тинто" компани Монголын говьд явагдаж байгаа том хэмжээний зэсийн төслийн бүтээн байгуулалтыг дуусгах эрмэлзэлтэй байгаагийн хувьд Монгол Улсын Засгийн газрын төлөх 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх санал тавьсан. Энэ нь талуудын хооронд бий болоод удаж байгаа асуудалтай харилцааг засах, Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг буцааж замд нь оруулах зорилготой өргөн агуулга бүхий таван зүйл саналын нэг хэсэг нь" хэмээжээ.
Мөн "Төслийн үйл ажиллагаа хоёр жилээр хоцорч, өртөг нь 5.3 тэрбум ам.доллароос 6.45 ам.доллар болж нэмэгдсэн ба төслийн зардал ийнхүү нэмэгдсэн нь ихээхэн маргаантай байгаа төдийгүй Их Британи болон АНУ-ын зохицуулагч байгууллагууд шалгаж байгаа" гэсэн байна.
Түүнчлэн Риогийн энэхүү санал нь Монгол Улсын Парламентаар батлагдах ёстойг онцолж, 2015 онд гарын үсэг зурсан 4.4 тэрбум ам.долларын далд уурхайн бүтээн байгуулалтын төслийг Монгол Улсын Парламент батлаагүйн зэрэгцээ, энэ нь тус уурхайгаас ирж байгаа санхүүгийн үр ашгийн дийлэнх хэсгийг Монгол Улс хүртэх ёстой гэж үздэг хүмүүсийн шүүмжлэлийн гол цэг болдог талаар дурджээ.
Риогийн санал нь цахилгаан машины үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа Европын машин үйлдвэрлэгчдэд литий нийлүүлэх зорилготой төслийг Сербид хэрэгжүүлэх зөвшөөрөл авахаар оролдож байгаатай нь давхцаж байгааг болон мен тус компани 46,000 жилийн настай аборигенчуудын орон байрыг нураасантай холбоотой унасан нэр хүндээ сэргээхээр оролдож байгааг мэдээнд дурджээ.
Эх сурвалж : Financial Times