УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "БНСУ-д манай улсын 13 настай охин хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Долдугаар сараас хойш тухайн хүүхэд хүчирхийлэлд өртөж байсаар саяхан л БНСУ-ын хэвлэл мэдээллээр гарснаар ил болсон. Эл асуудлыг УИХ-ын чуулган дээр асуудал болгон тавьсан. Монгол Улс нэг ч гэсэн иргэнийхээ төлөө анхаарал тавьж, хүний эрхийн талаар байнга дуугарч байх хэрэгтэй. Энэ дагуу ГХЯ-наас зохих мэдээллийг авлаа. Иргэдийн эрхийг зөрчүүлэхгүй байхыг тэргүүн зорилт болгон ажиллах ёстой.
Манайд улсад ус, агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол хариуцлагын асуудал. БНСУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчид асуудлыг нь тавьсан гэх асуудлыг хэлж байна. Ер нь Элчин сайдууд яаж, хэрхэн томилогдож байна, тэнд ажиллаж буй ажилтан алба хаагч хариуцлагатай ажиллаж байна уу гэдэг чухал. Бид дэлхий нийтийн өмнө ичгэвтэр байдалд байна. Баялагтай улс орны иргэд гадаадад хүнд нөхцөлд ажиллаж байна гэдэг нь шившиг.
Энэтхэг улсад 600 орчим хүүхэд шашны сургуульд суралцдаг юм байна. Хүүхдүүдийн хувьсах зардлыг өгч байна уу гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй" гэв.