“UBN STORY” булангийн ээлжит дугаарын зочноор “B” продакшны залуу артист Б.Алунгоог онцолж байна. “Voice of Mongolia” шоуны тайзнаас урлагт хөл тавих гараагаа эхлүүлсэн тэрбээр хоёр удаа шоунд оролцохдоо өөрийн авьяас чадварыг тэр тусмаа урлагт хайртай нэгэн болохоо батлан харуулсан хэмээн үзэгчид дүгнэдэг. Дөнгөж 20 насны босгоор алхаж яваа тэрбээр өнөөдөр ч урлагийн салбарт гал гарсан уран бүтээл, сонирхолтой хамтралуудаар сонсогч фенүүддээ бэлэг барьсаар буй. АШУИС-д нүүр, ам судлалын эмч мэргэжлээр суралцдаг түүний хувьд Дархан-Уул аймагт төрж өсчээ. Ингээд шинээр гаргаж буй уран бүтээл бүрээрээ сонсогчдыг байлдан дагуулж, эерэг хандлагыг түгээж буй залуу дуучин Б.Алунгоотой ярилцсанаа хүргэе.
-“Voice of Mongolia” шоунаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Уншигчид маань Б.Алунгоог залуу уран бүтээлчийн хувиар илүүтэй таньдаг болсон болов уу гэж бодож байна. Сүүлийн үед уран бүтээлүүдээ шахуу гаргах болсон харагдсан. Ер нь залуу уран бүтээлч Б.Алунгоогоор уран бүтээлийн сонин сайхан ЮУ БАЙНА?
-Сайн байна уу. Сүүлийн үеийн сонин сайхан гэвэл уран бүтээлтэй маань илүү холбогдох байх аа. Саяхан дуучин O.Z ахтай хамтарсан болон өөрийн соло уран бүтээлүүд маань цацагдсан. Мөн цомог маань гарсан. Өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр хийсэн уран бүтээлүүдээ нэг нэгээр цацаад явж байгаа гэж хэлж болно.
-АШУИС-д суралцдаг юм байна. Хичээл, номныхаа хажуугаар уран бүтээлийн ажлаа хэрхэн зохицуулж, хуваарилж байна вэ?
-Өнгөрсөн жил сургуулиасаа жилийн чөлөө авчихсан байсан юм. Энэ жил хичээлдээ орох үед уран бүтээл болон хичээл номоо зөв хуваарилж чадахгүйгээс нэлээн ачаалалтай байсан. Одоо л хичээлийнхээ хажуугаар уран бүтээлийнхээ ажлыг зөв хуваарилж сурч байна даа.
-“B” продакшнд хэзээнээс харьяалагдаж уран бүтээлээ гаргах болсон бэ. Сүүлд цацсан соло болон хамтарсан уран бүтээлүүдэд сонсогчид ч ам сайтай байна лээ?
-"Voice of Mongolia" шоунаас хасагдсаны дараа “B” продакшинд орсон. Анх Д.Болд ах надад дуу зохиосон талаараа хэлсэн. Надад хэлэхдээ өөрийн минь амьдралын хэв маягаас сэдэвлэж зохиосон уран бүтээл гэж хэлж байсан. Тухайн үед би Дарханд байдаг байсан. Бэлтгэлдээ ирэх гээд Дархан Улаанбаатар хоёрын хооронд байнга шахуу л явдаг байсан юм. Бараг өглөө гараад л, орой юм уу маргааш нь буцаад хотод ирдэг хэв маягтай өдөр хоног өнгөрдөг байсан гэж хэлж болно.
Анх Д.Болд ах "Сүүлчийн автобус" нэртэй дуугаа төгөлдөр хуур дээр өөрөө тоглож, надад сонсгосон. Тухайн үед маш их догдолсон. Багаасаа дууг нь сонсож өссөн хүн маань надад зориулж дуу зохиосон учраас догдлохоос ч өөр яах билээ.
-Мэдээж өөрт нь зориулж дуу зохиосон гэхэд маш сайхан санагдсан байх. Гэхдээ анхны уран бүтээл гаргахад хүндрэлтэй, хэцүү санагдахаар зүйл гарч байв уу. Б.Алунгоогийн хувьд хоёр ч соло уран уран бүтээл нь цацагдсан. Соло уран бүтээл дээр ажиллаад явахад хэр санагдав?
-Анхны уран бүтээлээ сонсохдоо догдлол дүүрэн байсан хэдий ч яаж дуулж, хүмүүст хүргэх вэ гэдэг нь надад илүү хэцүү санагдсан. Би хоолой бичлэгт ч орж үзээгүй, дандаа гадаад дуучдын уран бүтээлийг сонссоор байгаад монгол дуу дуулах гэхээр хүндрэлтэй зүйлс гарсан л даа. “Агаар” нь орж ирэхгүй байх, дуундаа орж чадахгүй гэх мэт. Хоёр дахь дуун дээр ажиллахад өмнөхөөсөө бага зэрэг туршлагатай болж, дууныхаа утга санааг ойлгож, орж чаддаг болсон. Гэхдээ амархан, хэцүү дуу байсан ч мэдрэмж нь орж ирэхгүй бол хэцүү байдаг гэдгийг ойлгож байгаа.
Хоёр дахь уран бүтээл болох “Yes or No” дууг өөрөө догдлол дүүрэн дуулсан болохоор хурдан хугацаанд бүтсэн. Тэгэхээр ямар ч уран бүтээлд мэдрэмж гэдэг зүйл маш чухал юм билээ.
-Тэрхүү мэдрэмжээ хэрхэн “олов”?
-Ихэвчлэн хайрын тухай дуу дуулаад байгаа. Өөрөө ч хайр дурлал гээд байдаггүй л дээ. Тэгээд уран бүтээлүүдээ дуулах гэхээр мэдрэмж нь орж ирдэггүй ээ/инээв/. Хайрлаж, дурласан гэгээлэг мэдрэмж гаргаж дуулмаар байна гээд л хүмүүс хэлнэ. Тэгэхээр нь дууныхаа аяыг түрүүлж аваад гадуур явахдаа байнга сонсдог болсон. Дулаахан өдөр гадуур аяаа сонсоод алхахад мэдрэмжүүд нь орж ирээд байдаг. Мэдрэмжээ оруулахын тулд янз бүрийн юм их бодох шаардлага ч гардаг л даа.
-Уран бүтээлч бүр дуугаа цацахын өмнө олон нийтэд хүрэх талаас нь нэлээн хүлээлттэй байдаг болов уу. Өөрийн тань хувьд хүлээлтээс давсан уран бүтээлүүд юу байв?
-Хүлээлт бол уран бүтээлч хүн бүрт байдаг байх. Миний хувьд хамтарсан уран бүтээлүүд л хүлээлтээс давсан. Thunder, O.Z нартай хамтарсан дуунуудыг анх сонсоход хүмүүст тийм сайн хүрч, хит болно гэж төсөөлөөгүй. Уран бүтээлч хүнд ийм хамтралууд байхад зүгээр гэж бодсон. Анх сонсоход л нээх буугаагүй болохоос сонсоод байх тусам өөрөө хүртэл дуртай болчихдог юм билээ. Анх яаж дуулна даа л гэж бодсон. "Дүүргэ" гэдэг дуу бол эхний хоолой бичлэгт ороод л биччихсэн. Богино хугацаанд бүтсэн дуу.
-"Тоонот" продакшны уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээлүүдийг нь хараад Б.Алунгоог "Тоонот"-д орсон юм уу гэж асуух хүмүүс их байсан?
-Үгүй ээ. Тохироо нь тэгээд таарчихсан юм гэх үү дээ. Thunder-тай хамтарсан “Дүүргэ” гэх дуунд очиж сонсоод шууд л хоолойгоо бичүүлсэн. Харин O.Z ах миний цомог дээр ажилласан юм. Өдөр бүр ирж ажил ярьдаг байх үедээ нэг дуу дуулж үзэхэд гоё болсон. Тэгэхээр нь Д.Болд ахаас зөвшөөрөл аваад O.Z ахтай хамтарсан. “Тоонот” продакшнд ороогүй. “B” продакшнд харьяалагдаж байгаа.
-Хүмүүс дуучин Д.Болдыг залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллаж байгаа гэдэг талаас нь их сайшаадаг. Ер нь тулаад харьцвал, уран бүтээлчидтэйгээ хэр харилцаатай вэ?
-Д.Болд ах маш хөгжилтэй, нээлттэй, хүнлэг хүн. Цуг байх үедээ инээсээр байгаад л таардаг. Гэхдээ ажил хэрэг тал дээр нягт, нямбай. Уран бүтээлчдээ маш сайн чиглүүлдэг. Д.Болд ах “Юмаа хийцгээнэ шүү” л гэж их хэлдэг дээ.
"Хүмүүс намайг ийм галзуу, нээлттэй хүн гэж бодсонгүй гэж их хэлдэг"
-Өөрийн тань хувьд хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-Би цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлсэн. Бага байхад цэцэрлэгийн унтлагын цагаар хүүхдүүд унтаж байхад багш маань намайг урлаг зааланд авч ороод дуулуулдаг байсан. Ер нь багаасаа л урлагт тэр тусмаа дуулах үнэхээр дуртай хүүхэд байсан.
-Багаасаа дуулах дуртай байсан мөртлөө яагаад заавал АШУИС-д орохоор шийдсэн бэ. Магадгүй урлагийн чиглэлээр суралцах бодол төрж байсан уу?
-Айгаад ч гэх юм уу. Урлагаар явбал шинээр гарч ирж буй уран бүтээлчидтэй энэ тэнцүү байж, танигдаж, гарч ирж чадах уу гэж бодсон. Мэргэжил сонгох үедээ айж л байсан хэрэг. Тэгээд л өөр мэргэжил сонгохоор шийдэж, АШУИС-д орсон.
-Найз залуу байгаа юу. Олон ч фенүүд нь асуухыг хүсдэг байх. Ярилцлагаар далимдуулаад асуулгүй орхиж болохгүй байх?
-Найз залуу байхгүй. Би кино үзсээр байгаад ийм болчихдог ч юм болов уу. Кино шиг юм бодоод л байж байдаг. Цас орохоор гэгэлзээд л. Хэзээ гоё зүйл надад тохиолдох бол гэдэг ч юм уу.
-Б.Алунгоо ер нь нэлээн нээлттэй бололтой?
-Би ер нь нэлээн нээлттэй хүн. Зарим үед харилцаж байгаа хүнээсээ шалтгаалаад өөр байдаг байж болох юм. Нээлттэй байх нь миний яриаг хүлээж авах хүн мөн эсэхээс бас шалтгаална л даа. Хүмүүс намайг ийм галзуу, нээлттэй гэж бодсонгүй гэж их хэлдэг. Гаднаасаа харагдахдаа даруухан харагддаг юм шиг байна лээ.
-Хүн бүр л өөрийн дуртай зүйлээсээ онцгой мэдрэмжийг авч чаддаг шүү дээ. Нэг тийм үгээр хэлэмгүй. Таны хувьд ямар дуулах бүртээ авдаг мэдрэмжээ илэрхийлбэл?
-Би гоё микрофон, гоё орчинд ямар ч сандралгүй, тайван дуулж байхдаа аз жаргалыг мэдэрдэг. Өөрийнхөө дуулж байгааг хааяа сонсохоор гоё сонсогдоно. Бараг л үүлэн дунд хөвж яваа юм шиг мэдрэмжийг авч чаддаг.
"2 дахь удаагаа “Voice of Mongolia” шоунд оролцох үедээ сонгосон дуугаа гурван сар бэлдсэн"
-Б.Алунгоо яалтчгүй “Voice of Mongolia” шоунаас танигдаж гарч ирсэн уран бүтээлч. Тэгэхээр шоуны талаар ярилгүй өнгөрөөж болохгүй байх. Өөрийн тань хувьд тус шоунд хоёр ч удаа оролцсон. Ер нь анх орсон болоод хоёр дахь удаагаа “Voice of Mongolia” шоуны тайзан дээр эргэн ирэх мөч ямар байсан талаар дурсамжаа хуваалцвал?
-Анх “Voice of Mongolia” шоунд оролцох үедээ би 16 настай байсан. Ганцаараа дуулах ямар байдгийг дөнгөж мэдэрч, суралцаж эхэлж байх үедээ өөрийгөө сорих үүднээс тус шоунд зориг гаргаж оролцсон. Гэрийнхэнтэйгээ гадуур явж байгаад “Voice of Mongolia” шоуны бүртгэл явагдаж байгааг мэдсэн. Тэгээд л очоод бүртгүүлчихсэн. Гэхдээ анх бүртгүүлэх гээд очих үед намайг 16 нас хүрээгүй учраас оролцуулах боломжгүй гэх хариуг хэлсэн. Тэгэхэд нь төрсөн оноороо 16 нас хүрсэн гэж гүрийсээр байгаад л бүртгүүлж шоунд оролцох боломжтой болж байсан.
Эхний жил Ука шүүгчийн багт орсон. Маш их зүйлд суралцсан жил байсан. Дарханд байж байгаад олон хүмүүсийн хүрээлэлд орж, сурч мэдсэн үе байсан л даа. Эхний шоунаас хасагдчихаад хоёр дахь жилдээ нэлээн бэлтгэл хийж байж оролцсон. “Voice of Mongolia” шоунд бүртгүүлж, тэнцсэнээ мэдсэний дараагаас л сонгосон дуугаа бэлдсэн. Гэхдээ би сонгосон дуугаа дуулж чадахгүй, дахилтынхаа өнгөнд ч хүрэхгүй байсан юм. Тэгээд гэртээ очиж зуны гурван сарын турш сонгосон дуугаа дуулж бэлдсэн. Ганцхан дуугаа л өдөржингөө өрөөндөө дуулдаг байсан. "Үхтэл" бэлдсэний үр дүнд шоундаа амжилттай оролцсон. Миний амьдрал тэр тусмаа урлаг гэх салбарт “Voice of Mongolia” шоу томоохон байр суурийг эзэлдэг.
-Анх “Voice of Mongolia” шоунд хэр өөртөө итгэлтэй оролцсон бэ. Хоёр дахь удаагаа оролцоход өмнөхөө бодвол арай итгэлтэй оролцсон болов уу гэж бодож байна?
-Эхний удаа шоунд оролцоход өөртөө итгэлгүй байсан. Нэг шүүгч нь л эргээд харахад болно доо гэх байдлаар л бодож байсан. Тухайн үед Ука шүүгч л эргэж харсан. Хоёр дахь жилдээ оролцоход өөртөө итгэлтэй байсан л даа. Гэхдээ цагаа тулахаар эвгүй юм билээ. Дөрвөн шүүгчийн хэн нь ч эргэхгүй байх магадлалтай. Мэдээж дуулах ур чадварын хувьд надаас илүү хүмүүс их оролцож байгаа учраас айдас байсан.
-Шоуны үеэр хөгжилтэй зүйл их л болсон байх. Гэхдээ нэг зүйлийг онцлоод асууя. Өөрийн тань хувьд эхний удаа шоунд оролцохдоо Ука шүүгчийн багт орж, Battle шатанд хүчтэй оролцогч нартай нэг баг болж өрсөлдсөн. Тухайн үед Ука шүүгч дараагийн шатанд оролцох хүний нэрийг зарлах үеэр өөрийн тань нэрийг андуурч дуудах шахсан. Энэ үед ямар сэтгэгдэл төрж байв?
-Тухайн үед бантаад л өнгөрсөн /инээв/. Сүртэй зүйл бодож, сэтгэлээр унаагүй. Анх өөрийгөө гэж бодоод гараа өргөөд л баярласан л даа. Бантаад л өнгөрсөн төдий. Буцаж ороод гэрийнхнээ хараад л жаахан эвгүй санагдсан. Гэрийнхэн маань миний нэрийг зарлах гэж байна гээд маш их баярласан учраас жаахан сэтгэл дундуур болсон байх.
-“Voice of Mongolia” шоуны тайзан дээр эргэн ирэхдээ Д.Болд шүүгчийг сонгосон нь олон хүний анхаарлыг татсан шүү дээ?
-Эхний удаа шоунд оролцохдоо Ука шүүгчээс зөндөө олон зүйлд суралцсан, зааж өгсөн. Ямар арга барилаар ажилладаг гэх мэт. Хоёр дахь удаагаа шоунд оролцох үед бусад шүүгч нараас хэрхэн ажилладаг, оролцогчдоо бэлддэг талаар мэдэхийг хүссэн учраас Д.Болд шүүгчийг сонгосон. Тэмцээнд орохоос өмнө Д.Болд шүүгч эргээд харчихвал сонгоно доо гэж л бодож байсан.
"Дуулахаас илүү клипжүүлэх нь надад хэцүү санагдсан"
-Зарим дуучид дуугаа дуулах бус клипжүүлэх нь хэцүү гэж хэлцдэг юм билээ. Б.Алунгоогийн хувьд?
-Жүжиглэх чадвар маш их шаарддаг юм билээ. Сүүлийн "Yes or No" дууны клипэнд тоглоход найруулагч хосууд болж жүжиглэх хэрэгтэй гэж хэлсэн. Хайртай хүн рүүгээ харж байгаа мэтээр хар гээд л. Магадгүй хоёр дахь уран бүтээл маань болохоор надад туршлага гээд байхаар зүйл ч байхгүй шүү дээ. Ер нь дуулахаас илүү клипжүүлэх нь надад хэцүү санагдсан.
-Залуу уран бүтээлч хүнийхээ хувьд цаашид ямар дуунууд гаргана гэж төлөвлөсөн бэ?
-Өөрт маань ихэвчлэн хайрын тухай л дуу зохиод байдаг. Хэтэрхий хэмнэлтэй дуунууд зохидоггүй л гэж боддог. Тиймээс час хийсэн хайрын дуунууд л гаргана гэж бодож байгаа.
-Ер нь мөрөөдөл гэвэл хамгийн түрүүнд юу хэлэх вэ?
-Хүмүүс их зүйл л мөрөөддөг байх. Миний хувьд өөрийн хүрмээр байгаа цэгтээ хүрчихээд, сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг. Хүний амьдралд гэр бүл маш чухал гэж боддог.
"Гэр бүлийнхэн маань намайг дэмжинэ үү л гэхээс хүсэл сонирхлыг минь хэзээ ч үгүйсгэж байсан удаагүй"
-Гэр бүлээ ярилгүй өнгөрөөж болохгүй байх?
-Би нэг дүүтэй. Ээж, аавтайгаа дөрвүүлээ Дарханд амьдардаг. Дүү маань 13 настай. Хол байхаар гэр бүлээ маш их санадаг юм билээ. Яриад л, үргэлж цуг баймаар ч юм шиг санагддаг. Одоо манай дүү шиг надад хайртай хүн байхгүй байх. Би ч дүүдээ хайртай. Манай аав, ээж, эмээ, өвөө надад маш их итгэдэг. Тийм ч учраас бүхий л зүйл дээр маань дэмждэг.
-Мэдээж урлагийн хүний хувьд гэр бүлийн дэмжлэг, нөлөө маш чухал юм шиг. Одоо уран бүтээлээ хийгээд явахад хэр дэмжиж байна?
-Манай гэр бүлийнхэн намайг бүхий л зүйлс дээр дэмждэг, бат ар тал байж чаддаг. Одоо ч хэвээрээ. Тэр байтугай, цэцэрлэгт байхад би хотод анх удаагаа ирж тэмцээнд орох гээд ирэхэд манай гэрийнхэн намайг дагаж ирж, дэмжиж байсныг санадаг юм. Гэр бүлийнхэн маань намайг дэмжинэ үү л гэхээс өнгөрсөн хугацаанд миний хүсэл сонирхлыг үгүйсгэж байсан удаа байхгүй.
-Гэрийнхнээ одоо санаж байна уу?
-Эхэндээ маш их санадаг байсан. Амралтын өдөр бүр Дархан руу гэр лүүгээ явчихдаг байсан. Сүүлдээ арай дасан зохицож эхэлсэн. Байгаа байгаа газартаа дасан зохицоод л байж байна даа /инээв/
-Мэдээж урлагаас гадна эрүүл мэндийн салбарт зүтгэхээр суралцаж буй хүний хувьд гэр бүлийнхэн нь Б.Алунгоод маш их итгэл хүлээлгэдэг байх. Хэрвээ гэр бүлийнхэндээ амлалт өгөөрэй гэвэл чи ямар амлалт өгөх вэ?
-Намайг үргэлж дэмжиж, хайрлаж байдаг гэр бүлийнхэндээ, миний номер 1 фен байдаг бүх хайртай хүмүүстээ хэзээ ч итгэлийг алдахгүй, илүү их хичээж бодсоноос нь илүү цэгт очиж чадна гэдгээ амлаж байна.
-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Манай үеийнхэн маш нээлттэй, мундаг болсон юм шиг санагддаг. Бүгд л ямар нэг зүйлд суралцаж, өөрсдийгөө аль болох хөгжүүлэхийг эрмэлздэг. Гэхдээ аль болох нэг нэгийгээ ойлгодог, хүндэлдэг байгаасай гэж хүсдэг. Нүдээр хараагүй зүгээр л сонссон төдий зүйлээ хов жив болголгүй, аливаад ул суурьтай ханддаг байгаасай. Хүмүүс цахим сүлжээнээс харсан зүйлээ дэвэргээд л өөр хоорондоо арсалддаг болчихсон юм шиг санагдаад байдаг.
-Ярилцсанд баярлалаа.