Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, омикрон хувилбарын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний хэрэгжилт, төлөвлөгөөний талаар өчигдөр /2021.12.08/ холбогдох албаныхан мэдээлэл хүргэсэн. Энэ үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар гадаадаас ирж буй иргэдээс авч буй шинжилгээ, нийт илэрсэн тохиолдол зэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "11 дүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн хооронд ирсэн нислэгээр нийт 3557 зорчигч ирсэн. Эдгээрээс коронавируст халдварын 10 тохиолдол илэрсэн. Батлагдсан тохиолдлуудыг омикрон хувилбараар өвчилсөн эсэхэд холбогдох тандалтын шинжилгээг хийсэн. Одоогоор омикрон хувилбар биш. Дельта болон альфа хувилбарууд байна гэх шинжилгээний хариу гарсан" гэлээ.