Ухамсарт амьдралынхаа 70 орчим жилийг баяд, дөрвөд бий биелгээ, ихэл хуурын татлагыг хойч үедээ зааж, түгээн дэлгэрүүлэхэд зориулсан авьяаслаг нэгэн бол Ж.Хумбаа юм. Тэрбээр 10 настайдаа аав, ээжээрээ ихэл хуур татахыг заалгаж сурсан гэдэг. 1959 оноос сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарчээ.
Харин түүнийг Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдэг гурав дахь өвлөн уламжлагчаар тодруулж, хүндэт өргөмжлөл, гучин сая төгрөгөөр урамшуулсан юм. Энэ үеэр түүний баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, ярилцлаа.
-Танд биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсанд баяр хүргэе. Олон жил бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн байхдаа?
-Аав, ээжээсээ сурсан өчүүхэн эрдмийг минь үнэлж, урамшууллаа. Би 10 настайгаасаа 80 нас хүртлээ ихэл, морин хуур, бий биелгээг төрөл бүрээр нь биелж, дуулсан хүн. Өнгөрсөн хугацаанд эрдмээ үр хүүхэд, хойч үеийнхэн болон сурч, мэдэх хүсэлтэй хэн бүхэнд зааж сургахыг хичээж, тэдний төлөө сэтгэлээ чилээж явлаа. Түүнийг минь үнэлж, улсаас шагнаж, урамшуулж, монголын 3.3 сая иргэний хайр хишгийг хүртээж байгаад баярлаж байна.
-Та сумандаа амьдарч байна уу?
-Би Увс аймгийн Малчин сумынхаа төвд амьдардаг. Би найман хүүхэдтэй. Ач, зээ, хамаатан садантайгаа нийлээд 70 гаруй хүн бий. Миний хань 61 настайдаа бурхан болсон.Түүнээс хойш хүүхдүүд минь намайг ээлжилж асран хамгаалж байна даа.
-Та баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр хичээл заадаг гэсэн. Та хэчнээн шавьтай болсон бэ?
-Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай” төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж байсан. Сүүлийн хоёр жил хөл муудаж, гадуур явах багасаад гэрээр хичээл заадаг болж 500 гаруй шавьтай болсон. Нарлаг дулаахан цагт гадаа заах үе ч бий шүү дээ. Намайг ихэл хуур, биелгээ заахад сумын клубын эрхлэгч ихэл хуур болон хувцас хунараар хангаж, тусалдаг. Сүүлийн жилүүдэд улс даяар соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлөн хамгаалах талаар ярьж, энэ чиглэлийн ажил хийж байгаад их баярлаж байна. Тэдний буянаар би олон шавьтай болсон гэж боддог юм. Энэ жил цар тахлын улмаас дөрвөн хүүхдэд ихэл хуур заасан.
-Ихэл хуур сурах хэцүү юү?
-Ихэл хуурыг сурах маш хэцүү. Хөгжмөө зөв барих, бие дээрээ зөв тогтоохын тулд олон хоног бэлдэж байж эвээ олдог. Өв уламжлагчид ихэл хуураар биелгээний найман ая татдаг. Хуучны дуу, ерөөл, магтаал заахад хугацаа их ордог. Хүүхдүүд ихэл хөгжим сурчихаараа нэгэндээ зааж өгдөг урамтай байдаг шүү. Ямар нэгэн арга хэмжээ, ойн баяр болоход гурав, дөрөв хоног бэлдэж тоглолтод оролцож байсан удаа ч бий. Хуур, биелгээ заалгаж байсан 63 хүнээс эрэгтэй, эмэгтэй нэг хүн шалгаруулж, Улаанбаатар хотод улсын их наадамд оролцуулж байсан.
-Таны шавь нараас олны танил болсон хүн бий юү?
-Хяргас сумаас бие биелгээчид төрж байгаа. Зарим шавь нар маань Хяргас суманд хуурын багшаар ажилладаг. Сүүлийн үед зөвхөн сумынхан биш бусад сумаас хичээл заалгахаар хүмүүс ирж байгаа.
-Та аав, ээжээсээ ихэл хуурыг сурсан юм байна. Тэд их авьяаслаг хүмүүс байсан болов уу?
-Би эцэг, эхээс зургуулаа. Ээж, эгч хоёр ихэл хуур их сайхан татдаг байсан. Би тэр хоёроосоо ихэл хуур татаж сурсан юм. Аав ээжийг бодвол арай муу байсан. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд татдаг байлаа.
-Таны бага насны дурсамж ихэл хуур, бий биелгээтэй холбоотой байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Аав, ээжээсээ бүхнийг харж, дагаж дуурайж сурсан. Тэд миний амьдралын багш нар байлаа. Орчин үеийн хүүхдүүд төрөл бүрийн зүйл сурч байна. Түүний хажуугаар нь гар утсаараа их тоглох юм.Үүнд би их санаа зовдог. Би есөн настайдаа сургуульд орж, зургадугаар ангиасаа сургуулиас гарсан. Сургуульд байхдаа урлагийн арга хэмжээнд оролцох дуртай байлаа. Сургуульд ороод “Чойбалсан багадаа” хэмээх шүлгийг сурч, одоо хүртэл мартаагүй. Заримдаа уншдаг юм. Төмөр, хулсан хуур, морин хуур,ихэл хөгжим тоглож сурч, өнөөдрийг хүртэл бусдад зааж сургаж байна. Нас өндөр болсон болохоор ихэл хөгжмөө даахгүй гар өвдөөд байх юм.
-Та ихэл хуураа төлбөртэй заадаг уу?
-Үгүй ээ. Хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, шинэ зүйл сурч, мэдэж аваасай гэж хүсдэг юм.
-Та цаашид соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалж, хамгаалж үлдэх талаар ямар ажил хийх юм сан гэж бодож байна вэ?
-Би эцсээ хүртэл ихэл хөгжмөө гэрээр заана. Нас өндөр болсон болохоор үүнээс илүүг хийж, бүтээж чадахгүй болов уу гэж бодож байна даа.