МАН-ын 30 дугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Их хурлын тэргүүлэгч Н.Учрал үг хэллээ.
Тэрбээр "МАН 100 жилийнхээ босго дээр ирсэн ч гэсэн оюун санаагаараа цэл залуу нам болж төлөвшиж чадаж байгааг хэлэхийг хүсэж байна. МАН 100 жилийн их хурлаар их хурлынхаа төлөөлөгчдийг нүүрээр нь таньж нэвтрүүлэх систем ашиглан, И-нам гэсэн аппликэйшнээр их хурлын төлөөлөгчдийг бүртгэдэг, мэдээллүүдээ гар утсаараа хүлээж аваад мэдээлэлдээ оролцдог, хариуцлагаа оноожуулж чаддаг, иргэддээ мэдээ мэдээллийг аппликэйшнээрээ дамжуулж түгээдэг залуу, цахим нам болж төлөвшиж буйгаа зуун жилийн босго дээр харууллаа.
Цаашдаа ч энэхүү оюун санааны өөрчлөлтүүдийг бид хийх ёстой. Үүнд УИХ, Засгийн газар ч тодорхой дэвшил үзүүлж, дэвшилтэт бодлогоо хэрэгжүүлж ажиллах ёстой. Барууны кинон дээр гардаг хийсвэр орчин бидний дэргэд ирсэн байна. Бидний хэрэглэдэг фэйсбүүкээр дамжуулаад хийсвэр орон зайд газар худалдаж авдаг нийгэмд бид амьдарч байна. Бидний хүүхдүүд өөр ертөнцөд амьдарч байна. Тэр шинэ үеийг ойлгодог орчин цагийн боловсрол эзэмшсэн, уламжлал шинэчлэлийн хослосон шийдвэрийг гаргадаг шинжлэх ухаанч орчин цагийн удирдагч бидэнд хэрэгтэй. Энэхүү шалгуурт орчин цагийн боловсролыг эзэмшиж чадсан Л.Оюун-Эрдэнэ дарга тэнцэж, энэхүү шинэчлэлийг хийнэ гэдэгт би эргэлзэхгүй байгаа" гэв.