МАН-ын 30 дахь их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үг хэллээ.
Тэрбээр "Цар тахлын аюултай нүүр тулан тэмцэж буй, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа бүх хүмүүс, ялангуяа эмч, сувилагч нар, онцгойгийнхонд, цагдаа нарт энэ хурлын индэр дээрээс гүн талархал илэрхийлж байна. Нүүдэлчдийн нэг онцлог нь аливаа тулгамдсан асуудлыг боломж болгон хувиргаж чаддаг.
Их хурал МАН, МАХН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд болж байна. Энэ түүхийн өмнө хэн ч бардамнах эрхгүй. Түүхийг бүтээлцсэн ахмадууддаа талархал илэрхийлье. Тиймээс энэхүү агуу 100 жилдээ мэхийн ёслоё.
100 жилийн босгон дээр хоёр нам нэгдэн нийлсэн нь чухал үйл явдал болсон. Нам бүтэн болсон учраас бүтэн түүхээ улам цааш идэвхтэй үргэлжлүүлэх бололцоо нээгдсэн. Хоёр намын нэгдэл эв нэгдлийн үлгэрлэл болсон, Монголдоо бид эв нэгдэлтэй байж чадна гэдгээ харуулсан томоохон үйл явдал болсон" гэв.