Монгол Улсын Их Хурал дотоодын болон гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа. Хуульд кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудын шилдэг туршлагаас суулгасан. Тухайлбал, тодорхой шаардлага хангасан уран бүтээлчдэд зардлын буцаан олголт, мөнгөн дэмжлэг олгох зохицуулалт тусгагдсан бөгөөд Монгол Улс ойрын хугацаанд кино үйлдвэрлэгчдийг татахуйц орон болохыг зорин ажиллаж байна. Ингэснээр кино зах зээлийг дагалдан Монголын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өвөрмөц соёл, өв уламжлалыг дэлхийд сурталчлах, шинэ ажлын байр бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно хэмээн тооцож байна.
Соёлын сайд Ч.Номин: "Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулахад ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласан бөгөөд тэрбээр кино зах зээлийн шинэ бодлогын талаар хэлэхдээ, “...Бид энэхүү санаачилгыг эхлүүлэхдээ Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн кино үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буйгаа харуулахыг зорьсон” гэсэн юм. Соёлын сайдын хэлснээр Монгол Улс кино, телевизийн тэргүүлэгч студиүдийг эх орондоо хүлээн авч, тэдэнтэй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.
Шинээр байгуулагдах Монголын кино зөвлөлөөс кино үйлдвэрлэлийн урамшуулал, зардлын буцаан олголт болон Монгол Улсад кино үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй хууль тогтоомжийн бусад арга хэмжээг удирдан зохион байгуулах юм. Монголын кино зөвлөлийн үйл ажиллагаа болон болон урамшууллын хөтөлбөрүүд нь 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх юм.