Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил албан ёсоор эхэлснийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн. Улмаар тус барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан албажуулсан байдаг.
Тэгвэл Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гаргаад байна. Энэ талаар Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнгээс тодруулахад "Ховд гол дагуух ой мод, хадлан бэлчээр бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох тогтоол гаргасан нь үнэн. Ард иргэд нь эсэргүүцсэн тул ийм тогтоол гаргасан" гэх тайлбарыг өгсөн.
Харин уг асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс тодруулахад "Би тэр бичгийг албан ёсоор хараагүй. Сумын ИТХ-аас Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол гаргах эрх байхгүй" гэлээ.
ИТХ-ын тогтоол нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд буюу нэг сар орчмын өмнө гарсан бөгөөд одоог хүртэл энэхүү тогтоолын талаар салбарын сайд мэдээгүй гэх тайлбарыг өглөө.