2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос сэргээш илэрч, Улсын дээд шүүхийн шийдвэрээр цол тэмдгийг нь хураах шийдвэр гаргасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 17-нд зарлиг гаргаж, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн цол чимгийг гардуулахаар болсон юм.
Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурьд Монгол Улсын даян аварга цол, Улсын арслан Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, Д.Анарт “Улсын заан”, Б.Цэдэнсодномд “Улсын харцага”, Н.Мустафад “Улсын начин” цол хүртээхээр болоод байна.